Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан болж байна.
Түүнийг үйлдэл дээрээ баригдсан гэхэд итгэх хүн цөөн байгаагийн зэрэгцээ АТГ-аас ямар нэг мэдээлэл, тайлбар хийхгүй суугаа нь тус газрынхныг хүн хэлмэгдүүллээ гэх хардлага нийгэмд төрүүлж буй юм. Түүний зэрэгцээ ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдолтой байж болохуйц зарим баримтыг хураан авсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Г.Ганчимэгээс уржигдар орой анх тайлбар мэдүүлэг авч, эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа талаараа танилцуулсан бөгөөд өчигдөр өглөө ч байцаалтаа үргэлжлүүлсэн сурагтай. Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжаас ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг шалгаж байгаа эсэх талаар тодруулахад “Зарим мэдээллийн хэрэгслээр Г.Ганчимэгийг цагдан хорьсон гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Түүнийг цагдан хориогүй. ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгах зүйл гарсан учраас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцааж байгаа нь үнэн” гэсэн юм.
Тус яамныхан яагаад гэнэт АТГ-ынхны хараанд өртөж, гүйцэтгэх ажиллагаа явуулан сайдыг нь үйлдэл дээр нь барив гэх асуулт эрхгүй уншигчдын анхаарал татаж байгаа. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба бусдаас 500 сая орчим төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний ам.доллар авч байгаад баригдсан гэдэг.
Энэ мөнгийг эмнэлгийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл яамнаас авахын тулд сайдад нь шан харамж өгсөн гэх мэдээлэл бий. ЭМСЯ-наас зарласан сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа сүүлийн үед хээл хахуулиар шийдэгддэг. Уг мөнгө нь цаашлаад намынхаа санхүүжилт болдог гэх яриа ч тус яамныхны дунд байна.
Эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох болон бусад сонгон шалгаруулалтыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл тэргүүтэй хүмүүс өмнө нь хууль бусаар явуулж ашиг хонжоо олдог байсан нь шүүхээр тогтоогдож ял шийтгүүлсэн.
Өдгөө энэ шалгаруулалтад сайдынх нь хүмүүс “ялж”, өөр намын, эсвэл нам бус төрийн алба хаагчдын “халаасны” байгууллагуудад боломж гарахгүй байх болсон сурагтай.
Тиймээс эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн нэгэн компани сайдад нь багагүй хэмжээний мөнгө өгөх гэж байгаа мэдээллийг яамны ажилтнууд дотроосоо АТГ-т өгсөн бололтой. Ингээд авч өгөх үед нь, мөнгөө далд хийж чадаагүй байхад нь мөрдөн байцаагч, прокурорууд яваад орсон аж.
Тендерийг шалгаруулахад Төрийн нарийн бичгийн даргын оролцоо их. Тиймээс ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгээс Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар яамных нь эх сурвалж бидэнд мэдээлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг МАХН-ын генсек Г.Шийлэгдамба сайд болмогцоо томилуулсан бөгөөд нэг намын (МАХН)-хан гэдгийг эх сурвалжууд хэллээ. Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын томилгоо нь хууль бус болсон хэмээн хэвлэлээр нэг бус удаа “цоллуулж” байсан ч тэгсхийгээд дарагдсан.
Энэ нь ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогттой холбоотой гэх хүн ч байна. Г.Ганчимэгийн дүү Г.Ганзориг нь С.Баярцогттой сайн найз учраас “ногоон гэрлээр” уг албан тушаалд томилсон гэх яриа бий.
Төрийн нарийн бичгийн дарга Гомбосүрэнгийн Ганчимэгийн хувьд эрүүл мэндийн байгууллагад анхан шатнаас нь эхэлж ажилласан гэхэд хилсдэхгүй. 1982 онд сувилагч мэргэжил эзэмшээд, 1989 онд хүний их эмч болжээ.
Хуучнаар Октябрийн район (1989-1994 он), Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс ажлын гараагаа эхэлж, их эмч, эрхлэгч болж дэвшээд, улмаар 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажилласан гэнэ.
2012 оноос ЭМЯ-нд мэргэжилтэн, 2014 оноос Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж буй нэгэн аж. Тэрбээр удирдахуйн ухааны доктор, клиникийн профессор, ЭМШУИС-ийн дэд профессор цолтой юм байна.
Г.РАВЖАА