“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн хичээлийн III байрыг өргөтгөн, ашиглалтад орууллаа. Хоёр анги хичээллэх танхим, ариун цэврийн өрөө, урлагийн заал байрлах уг өргөтгөлийг “Шинэ асар” компани 192 сая төгрөгөөр барьсан байна. Энд шинээр хоёр анги нээж, нэгдүгээр ангийн сурагчдыг хүлээж авчээ. Уг хоёр ангид БСШУЯ, тус аймгийн Боловсрол, соёлын газраас ширээ, сандал нийлүүлсэн аж.
“Цаст-Алтай” сургуулийн хичээлийн I байранд энэ жил Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн 172 сая төгрөгөөр их засвар хийжээ. Үүнээс гадна Канадын сайн дурын мэргэжилтнүүдтэй хамтран, бага сургуулиа, “Голомт” банкны санхүүжилтээр биеийн тамирын талбайгаа тохижуулсан байна.