Хятадууд улам олуулаа болох нь ээ. Учир нь саяхан дэлхийн хамгийн их хүн амтай Хятадад нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байхыг зөвшөөрч, улс төрийн хоригдлууд ял эдэлдэг засан хүмүүжүүлэх төвүүдийг татан буулгах болсныг эрх баригч Коммунист нам зарласан билээ.

Эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүл хоёр хүүхэдтэй байж болно. Ийнхүү хүн амын огцом өсөлтийг хязгаарлахын тулд 30-аад жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн нэг хүүхдийн бодлого төгсгөл болсон билээ. Энэхүү бодлогын улмаас дөнгөж төрсөн хэдэн арван мянган охин хүүхдийн “амийг авдаг” байсан. Албан ёсны тоо баримтаас үзэхэд уг бодлогоор 400 сая төрөлтийг хязгаарлажээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү бодлого хэрэгжээгүй бол хятадын хүн ам ойролцоогоор 400 саяар нэмэгдэх байсан аж. Зарим шүүмжлэгчид Хятадыг энэхүү бодлогоо зарим талаар зөөлрүүлэхийг шаарддаг байсан билээ. Учир нь Хятадад сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдаж эхэлсэн байна. Иймдээ ч гэрлээгүй ганц бие эрчүүд олширч, насан туршдаа хүнтэй гэрлэхгүй байсаар насыг бардаг хүн ч цөөнгүй гэнэ.
Хөдөө тосгонд эхний хүүхэд нь эмэгтэй гарсан эхнэр нөхөр хоёр хоёрдох хүүхэд төрүүлж болохыг зөвшөөрч байгаа нь эр эм хүйсийн харьцааны тэнцвэргүй байдлыг улам ноцтой болгож уг харьцлыг бүр 143:100 -д хүргэсэн гэнэ. Судалгаанаас үзвэл хүйсийн сонголт хийж болдог нь эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс илүү гарах гол нэг хүчин зүйл болж байгаа ажээ. Өч төчнөөн гэр бүл тариалан дээр ажиллуулах, ахмадуудаа асруулах, хожим газраа өмчлүүлэх зэрэг олон шалтгааны улмаас эрэгтэй хүүхэдтэй болохыг урьдал болгодог гэнэ. Гэхдээ тэд эрэгтэй хүүхэд нь өсч насанд хүрээд эхнэр олдохгүй “гуяа ганзгалж” явах нь сайхан ч юм биш гэдгийг аажмаар ухаарч ойлгож эхэлж байгаа юм байна.
Ийм тохиолдолд охид, бүсгүйчүүдийг гэрээс нь хулгайлж, хүчээр хүнтэй гэрлүүлэх, нэг гэрийн ах дүүс нэг эхнэртэй болох, бүр баячууд нь эмэгтэй хүний цогцсыг худалдаж авч, нас барсан эрэгтэй хүнтэй хамтад нь оршуулдаг ёсон ч мэр сэр бий болсон гэнэ. Мөн түүнчлэн Шанхай, Гуанжоу зэрэг хотуудын төв талбайд хөгшчүүл хүнтэй суугаагүй хүүхдүүдээ сурталчилдаг болоод удсан аж.

Харин дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд жил бүрийн арваннэгдүгээр сард “Single’s day” буюу ганц бие хүмүүсийн баярыг уламжлал болгон тэмдэглэдэг болжээ. Энэхүү баяр нь хятадын залуусын дунд өргөн дэлгэр тэмдэглэгддэг аж. Тэд ганц бие олон залуусыг цуглуулж хооронд нь зуучлах маягтайгаар үдэшлэг зохион байгуулж, хувь заяаг нь холбодог аж. Анх энэхүү баярыг 1990-ээд онд Нанжин хотын их сургуулиудын дунд зохион байгуулдаг байсан бол 2009 оноос үндэстэн даяар тэмдэглэдэг болсон байна. Ганц бие залуусын баяр нь интернет, цахим ертөнцөд маш алдартай гэнэ. Баярын үдэшлэгт зөвхөн ганц бие залуус цуглах бөгөөд өмнө нь ганц бие, гоонь эрчүүд цугладаг байжээ. Харин одоо бол эрэгтэй, эмэгтэй ялгалгүй тэмдэглэдэг ч хүйсийн тэнцвэргүй байдлаас болж үдэшлэгт цуглах залуусын харьцаа 1:10 байдаг байна. Өнөөдөр ганц бие хүмүүс ихэвчлэн үдийн цайндаа Youtiao хэмээх шарсан савханцараас дөрвийг иддэг аж. Учир нь дөрвийн тоо нь “11.11” гэсэн тоог илэрхийлдэг гэнэ.


Түүнчлэн энэ өдөр дэлхийн хамгийн том интернет худалдаа зохион байгууллагддаг байна. Өнөөдөр гэхэд Хятадын онлайн худалдааны сүлжээ “Алибаба” нэг цагийн дотор дөрвөн тэрбум орчим ам.долларын худалдаа хийж амжилт тогтоожээ. Шөнийн 00 цагаас хойш “Таобао”-д 130 сая гаруй хэрэглэгч хандан худалдан авалт хийжээ. Мөн 27 сая гаруй хүн гар утасны аппликейшн ашиглан худалдан авалт хийсэн байна. Өнгөрсөн жилийн энэ өдрөөр “Алибаба” нэг цагийн дотор хоёр тэрбум ам.долларын худалдаа хийж байв. “Алибаба” 2014 оны энэ өдөр 9.3 тэрбум ам.долларын ашиг олсон аж. Хятадад ганц бие хүмүүсийн өдрийг 2009 оноос хойш өргөн хүрээг хамран тэмдэглэдэг болсноос хойш АНУ-ын Талархлын баярын дараах эхний даваа гаригт болдог “Кибер даваа гариг”-тай харьцуулахуйц хэмжээнд худалдан авалт хийгддэг болсон байна.

Тэгвэл олон улсын хэмжээнд Гэгээн хайрын өөр буюу “Валентин”-ы баярын өмнөх өдөр хоёрдугаар сарын 13-ны өдрийг ганц бие хүмүүсийн өдөр болгон тэмдэглэдэг билээ.