Макро эдийн засагт үндсэн таван эрсдэл тулгарч буйг “Мандал женерал даатгал” компанийн эрсдэлийн ахлах шинжээч Ч.Анхбаяр ярилаа. Эдгээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, төсвийн орлого тасалдсан, долларжих хандлага нэмэгдсэн, чанаргүй зээл өссөн, уул уурхай дагасан эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой гэж тэрбээр өчигдөр болсон “Монгол Улсын эрсдэлийн удирдлагын форум-2015”-ын үеэр тайлбарлав. Мөн “Хятад улсын эдийн засаг сайжрах хандлага ажиглагдахгүй байгаа тул ирэх онд түүхий эдийн үнэ өснө гэсэн найдлага тун бага байгаа. Гэхдээ ирэх оны аравдугаар сар хүртэл үргэлжлээд эргээд сэргэнэ гэж тооцоолсон. Урсгал тэнцэл нааштайгаар төсөөлөгдөж, гадаад худалдааны тэнцлийн ашиг ДНБ-ий 6.5 хувьд тогтворжихоор байна” гэлээ. Урд хөршийн эдийн засаг ирэх гурван жилд саарах төлөвтэйг судалгааны байгууллагууд дуулгаж буй. Голлох түүхий эдүүдийн ханш 2011 оноос хойш уруудсан. Гэхдээ зарим таваарын үнэ нэмэгдэж магадгүй бөгөөд газрын тосны ханш гэхэд 2017 оны нэгдүгээр сараас сэргэх төлөвтэй гэнэ.
Манай улсын урсгал тэнцлийн алдагдал 2016 оны эцэс гэхэд 229 сая ам.долларт хүрч магадгүй гэсэн таамаг гарчээ. “Оюутолгой” төсөл, Эгийн голын усан цахилгаан станцад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ том сонсогдож буй ч бодит байдал дээр биеллээ олоогүй, одоогоор зөвхөн тоо төдий байгаа. “Тавантолгой”, “Оюутолгой” төслийн нөлөөллийг оролцуулж тооцвол 851 сая ам.доллар байх болов уу гэсэн төлөв гарсныг Ч.Анхбаяр дуулгалаа. Улсын болон бусад (Төвбанкны, компани хоорондын зэрэг) өрийн хэмжээ ДНБ-ий 217 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болж буйг сануулсан. Мөн төсвийн алдагдал ирэх оны эцэст 930 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа нь ДНБ-ий дөрөв орчим хувьтай дүйх юм байна.
Хэрэв ирэх онд ГШХО өсөхгүй бол ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1977, харин хөрөнгө оруулалт ДНБ-ий 3.7 хувь буюу 441 сая ам.доллараар нэмэгдвэл дээрх тоо 1930, ДНБ-ий 7.1 хувь буюу 851 сая ам.доллараар дээшилбэл 1905-д хүрэх тооцоо гарчээ. Тэгвэл чанаргүй зээл өссөөр ирэх оны эцэст нийт зээлийн 11.5 хувьд хүрч болзошгүй гэнэ. Хэрэв энэхүү дүн 14.2 хувьд хүрвэл банкны салбарын өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болох эрсдэлтэй аж. “Мандал женерал даатгал”-ынхны таамаглаж буйгаар, ирэх онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувийн хооронд байх төлөвтэй гэнэ.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Уул уурхайн компаниуд дотоодын зардлаа багасгахад анхаарах нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд уул уурхайн бизнес эрхэлдэг дэлхийн томоохон компаниуд зардлаа багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгууллатад шаардлагатай санхүүжилтийг шийдсэнээр ойрын таван жилд тасралтгүй хөрөнгө орж ирнэ. Зах зээл дэх зэсийн үнэ 2017 оноос өсөх хандлага бий. Тэр үед зардлыг багасгасан байх боломжтой гэж үзэж байгаа” гэв. Зургаа дахь удаагийн, ирэх оны макро эдийн засгийн төлөв, учирч болзошгүй эрсдэлүүд, тэдгээрээс сэргийлэх талаар хэлэлцсэн дээрх форумыг “Мандал даатгал” компани, “Голомт” банк, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулав. 500 гаруй төлөөлөл оролцсоны цөөнгүй нь гадаадынх байлаа.
Ц.Болормаа