Лондоны металлын биржид зэсийн ханш сүүлийн 11 долоо хоногийн, цайрынх таван жилийнхээ доод түвшинд хүрсэн талаар “Reuters” мэдээлэв. Ам.долларын ханш чангарч, газрын тосны үнэ буурсан нь үүнд нөлөөлсөн аж. Өнгөрсөн долоо хоногт гэхэд “Brent” төрлийн нефтийн ханш долоо орчим хувиар буурсан гэнэ.
“Ам.долларын ханш тавааруудын үнийг “удирдаж” байна” хэмээн “SP Angel” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Сергей Раевский ярьжээ. Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдан авах зэсийн үнэ нэг хувиар бууран тонн нь 4916 ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойших хамгийн доод дүн боллоо. Сонирхуулахад, наймдугаар сард тонн зэсийн ханш 4855 “ногоон” болсон нь гурван жилийнх нь доод түвшин байсан билээ. Он гарснаас хойш уг таваарын ханш нийт 21 гаруй хувиар хямдраад буй. “ANZ Bank”-ны ахлах стратегич Даниел Хинес “Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвөөс үүдэн зэсийн үнэ өснө гэж бид үзэхгүй байгаа” гэж өгүүлсэн байна. Тонн цайрын үнэ 1640 ам.доллартай дүйж байгаа нь 1.5 хувиар буурсан дүн болов. Уг таваарын үнэд нийлүүлэлт нэмэгдсэн болон урд хөршийн хэрэглээ буурч байгаа нь мөн нөлөөлсөн гэнэ.