Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын захирал Кимихиро Исикоэ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын тэргүүн Ли Сан Док нар “алжаал тайлах хүүхнүүд”-ийн асуудлаар Сөүлд яриа хэлэлцээ хийжээ. Дэлхийн II дайны үед эзлэгдсэн орнууддаа Японы хэрэгжүүлж байсан хүчээр биеийг нь үнэлүүлэх тогтолцоо Токио, Сөүл хоёрын харилцаанд хурцхан асуудлын нэг болдог аж. Хохирсон эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх чиглэлээр Японыг нэмэлт арга хэмжээ авахыг Өмнөд Солонгос шаарддаг юм байна. Түүнээс гадна 1965 оны хэлэлцээрээр Өмнөд Солонгост Япон 500 сая ам.доллар төлснөөр өнгөрсөн үеийн харилцаанд тохиолдсон бүх түвэг бэрхшээлийг шийдэхээр хоёр тал тохиролцсон юм байна. Энэ сарын 2-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар уулзаад дээр өгүүлсэн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Уг асуудлаар хоёр тал нэгдсэн шийдвэрт хүрвэл цаашдаа харилцахдаа түүнийг сөхөөд байхгүй гэх баталгааг Сөүлээс Токио авах бодолтой байгаа аж. Бас Сөүл дэх Японы ЭСЯ-ын эсрэг талд байдаг Японы армийн “хөлд өртсөн” эмэгтэйчүүдэд зориулсан хөшөөг буулгахыг шаардахаар төлөвлөж буй юм байна.