Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой өнөөдөр тохиож буй. Өнөөдөр бол өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн Үүнээс хойш жил бүр эл өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаж бүх нийтээр амардаг болсон билээ.

853 жилийн ойн баярын үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулахаар эхэллээ. Үүний дараа 10:40 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг төв талбайдаа цэнгүүллээ.

Тодруулбал, Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлсэн юм.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
Есөн хөлт цагаан тугийг монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн аж.









