Европт цутгаж буй дүрвэгсдийн хямрал Германы Канцлерийн суудлыг ганхуулж болзошгүй болжээ. Улмаар Ангела Меркель Европын асуудлыг шийдэхэд нөлөөлөх нь битгий хэл өөрийн Засгийн газраа захирч чадахаа болиход хүрсэн байна.
Уг нь ХБНГУ-ын эрх баригч эвсэл дүрвэгсдийн тухайд шинэ бодлого баримтлахаар тохиролцсон аж. Гэтэл урьд нь тохиролцсон механизмаа үлэмж чангална гэж Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгдлээ.
Канцлерийн тусгай бүрэн эрхт төлөөлөгч үүнийг эсэргүүцэж, тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зүтгэв. Дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах гэсэн де Мезьерийн шийдвэрийг Сангийн сайд Вольфганг Шойбле дэмжсэн нь гал дээр тос хийх мэт нөлөө үзүүлжээ.
Дүрвэгсэд Германд гурван жил байж болох төдийгүй гэр бүлийнхнээ ч авчрахыг зөвшөөрөхөөр өнгөрсөн долоо хоногт харилцан тохирсон. Гэвч зөрүүд Томас де Мезьер Сирийн дүрвэгсдийг ганцхан жил толгой хоргодуулна, гэр бүлээ авчрахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх нь тэр.
Der Spiegel сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд Томас де Мезьер, Вольфганг Шойбле хоёрын гаргаж буй авирыг “бослого” гэсэн ганц үгээр тодорхойлж болно хэмээн бичсэн байна. Тэд дүрвэгсдийг хязгаарлах л ганц зорилготой бөгөөд үүнийгээ гадаадынханд дургүйцэх, тэднийг тээршаах явдал Германд хүчтэй болж байгаагаар тайлбарлаж буй юм.
Сайд нар олон түмнээс дэмжлэг авахыг хичээж, Засгийн газрынхаа эсрэг хуйвалдаан зохион байгуулж байна гэж хэвлэлд дүгнэжээ.
Р.ЖАРГАЛАНТ