Эрдэмтэд шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг ч түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хомс гэдэг. Энэ байдал сүүлийн жилүүдэд байдаг л үзэгдэл болсон. Цаашлаад шинжлэх ухааны салбарыг зарим талаар “ад үзэх”-эд хүрсэн гэдэг.
Гэтэл дэлхийн улс орнууд уг салбарт дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-3 хувийг зарцуулдаг байна. Зургаан хувь хүрэх улс ч бий. Харин манай улсад энэ үзүүлэлт 0.27 хувь байна. Социализмын үед ядаж л нэг хувийг зарцуулдаг байсныг ахмад эрдэмтэд хэлсэн юм.
ШУА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Эдийн засаг хүнд байна гээд ДНБ-ийхээ 0.2 хувь буюу 30 орчим тэрбум төгрөг л шинжлэх ухааны салбарт зарсаар байвал бид улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй.
Тиймээс хамгийн эхэнд шинжлэх ухаан, технологийн салбарыг санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох шаардлагатай. Үүний тулд хувийн хэвшлийг татан оролцуулна гэж 10 жил ярьсан ч хэрэгжүүлж чадсангүй. Уг нь төрийн түвшинд, төсвийн хүрээнд олон эх үүсвэртэй болгох бүрэн боломжтой ч ашиглахгүй юм.
АНУ-д шинжлэх ухааны салбарыг санхүүжүүлдэг төрийн долоон агентлаг байна. Гэтэл бид Шинжлэх ухаан, технологийн санд өгдөг судалгаа шинжилгээний зардлын есөн тэрбум төгрөг дээр өрсөлдөж буй. Үүнийг сумын хэмжээнд байдаг ганц худаг дээр хамаг малаа шавуулчихаад бэлчээрээ талхалчихсантай зүйрлэж болно” гэсэн юм.
Төрийн бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй байх шаардлагатай. Наад зах нь мега төслүүдэд Монголынхоо эрдэмтдээр экспертиз хийлгэдэг болчихвол өртөг нь шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бас нэг эх үүсвэр болох учиртайг хэлэх нэгэн ч байлаа.
Манайхан экспертиз хийх бүрэн боломжтой байтал гадаадынхнаар хийлгэж, тэр нь манай хөрсөнд буухгүй байх тохиолдол цөөнгүй гэнэ.
Эдгээр нь Монголын залуу эрдэмтэн судлаачдын V чуулга уулзалтын хүрээнд ярьсан асуудал байлаа. Уг уулзалт “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
БСШУЯ, АҮЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороо, ШУА хамтран эл үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Эрдэмтдийн судалгаа, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор хийсэн ажлын томоохон нь болох Инновацийн тухай хуулийг батлуулаад дөрвөн жилийн нүүр үзсэн ч төдийлэн хэрэгжүүлээгүй. Тэгвэл өдгөө УИХ, Засгийн газраас 2015 онд үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар цөөнгүй санаачилга гаргаж эхэллээ.
Үүнд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох ажил багтаж байна.
Эрх зүйн орчныг шинэчлэхэд шаардлагатай эдгээр хууль, журам шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг залуу эрдэмтэд хэлж байв.
Улам бүр өрсөлдөөнтэй болж буй дэлхийн зах зээл дээр амжилт олохын тулд өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй. Гэтэл манай экспортын бүтээгдэхүүний 97 хувь нь технологийн агууламжгүй буюу нам технологитой.
Өөрөөр хэлбэл, бид хоцрогдсон технологитой, өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрсдийгөө хөгжүүлэх, боловсон хүчнээ бэлтгэх асуудал тулгамдсаны баталгаа нь энэ. Үүний тулд боловсролын салбарт анхаарч, залуучуудаа инженерийн чиглэлээр бэлдэх ёстой.
Мөн сургуулийн өмнөх боловсролын системд хүртэл суулгах шаардлагатай гэнэ. Ингэж байж л бид дэлхийн хөгжлийг даган дуурайх биш, угтах боломж бүрдэх аж.
Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хэрхэн хослуулж, хөгжүүлэх талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Д.ЭРДЭНЭБАТ (Аж үйлдвэрийн сайд):
-Монгол уул уурхайн түүхий эд худалдагч орноос экпортлогч орон болох боломж бүрдлээ. Бид үрслүүлсэн технологи, инновацийн бүтээгдэхүүнээ хөрсөндөө яаж суулгахаа шийдээгүй явсан. Одоо аж үйлдвэр бол хөрс чийг нь юм гэдгийг тогтоосон.
Манай улсын нийт экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй буюу нам технологийн үйлдвэрлэл эзэлж байна. Иймд бид үйлдвэрлэлийг технологижуулах, экспортыг нэмэгдүүлэхээр ОХУ, БНХАУ, Европын улс орнууд, Японтой худалдаа эдийн засгийн эрчимтэй харилцаанд шилжиж буй. Үйлдвэрлэл болон шинжлэх ухааны хооронд маш их зай гарч, холджээ.
Энэ нь манай бизнесменүүдийг үйлдвэрлэл эрхлэхдээ шинжлэх ухаан, судалгаа хөгжилд түшиглэх бус, богино хугацаанд ашиг олох зүйлийн эрэлд гаргадаг болгосон нь нууц биш. Эргэлтийн хөрөнгийн болон богино хугацааны зээл зарим үед аж үйлдвэрийн салбарт дэмжлэг болдог ч судалгаанд суурилсан, урт хугацаанд тогтвортой ажиллах үйлдвэрлэлийг дэмжих нь илүү чухал юм.
Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг бүрдүүлэх нь аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хэтийн зорилго гэж тодорхойлсон.
Үйлдвэрлэлийн салбар бүрт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн гурвалсан холбоо, хамтын ажиллагаа бүхий үндэсний хэмжээний кластер байгуулахаар төлөвлөж байна. Нөөц боломж, хүчээрээ нэгдэж ажилласнаар түүхий эдийн болон хүн хүчний, мэдлэгийн нөөцийг үр дүнтэй ашиглах болно.
Б.ТУЛГА (БСШУ-ны дэд сайд):
-Шинжлэх ухаан технологийн ололтоор өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгмийн хурдтай урсгалд манай улс инновацийг хөгжлийнхөө түлхүүр гэж ойлгож ажиллахын тулд дэд бүтцээ сайн бэлдэх ёстой. Эрдэмтэд маш олон нээлт хийдэг ч түүнийг зах зээлд нэвтрүүлэхэд гүүр болох дэд бүтэц манайд бүрэн гүйцэд бүрэлдээгүй. Энэ талаар төр, засгийн хэмжээнд тодорхой ажил хийж буй.
Гэхдээ бид ажиллах хурдаа нэмэх шаардлагатай. Залуу эрдэмтэд бодсон санасан зүйлсээ маш хурдан ажил хэрэг болгохын тулд холбогдох газруудад нэн даруй хандаж байж л дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлнэ.
Бид уламжлалаа стратегийн ололт амжилт болгох талаас нь харвал амжилт олж болно. Үүнийг зөвхөн би хэлээд байгаа юм биш. Гадаадынхан “Мал аж ахуй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллавал танайд нөөц байна” гэдэг. Тиймээс бид энэ тал дээр илүү төвлөрч ажиллах ёстой.
Д.БАТТОГТОХ (Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор):
-Өдгөө шинжлэх ухаан, технологийг анх нээсэн улс бус, нээлтийг амьдралд аль урьтаж хэрэглэсэн нь хожиж байгаа. Аж үйлдвэрийн яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болголоо.
Эдгээр нь эрдэмтэн судлаачдад мэдлэгээ баялаг болгох нөхцөл бүрдүүлнэ. Тэгвэл энэ бүхэнд бидний үндэсний хэмээх тодотголтой шинэ санаа, мэдлэг, технологи, түүнийг үнэлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх баялаг бүтээгчид бэлэн үү гэдэгт хариулах зорилгоор залуу эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч нар чууллаа.
Мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдийн засаг үйлдвэржилтийн бодлого, боловсрол, хүний нөөцийн бодлого, шинжлэх ухаан технологийн бодлого хоорондоо уялдаж, нэгдсэн зорилготой байх шаардлагатай. Энэхүү гол гурван хүчин зүйлийг зэрэг авч явах шаардлагатай.
Ч.МӨНХЗУЛ