Үйлдвэрлэгч, түгээгч, худалдан авагч олшрон, сүлжээ болтлоо “хөгжсөн” архидалтыг иргэний нийгмийн байгууллагууд тогтоож хүчрэхээ больсон гэж өчигдөр болсон “Архигүй Монгол” чуулганы үеэр холбогдох албаны хүмүүс онцлов.
2003 онд 10 мянган хүн тутмын 2.09 хувь нь гашуун ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний өвчтэй болсон бол 2013 онд энэ тоо 12.21 хувьд хүрч нэмэгджээ. Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэлтэй өвчтөний тоо ч 2.9 дахин олширсон байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хийсэн судалгаанд 12-18 насны нийт сурагчийн 26.5 хувь нь архи ууж үзсэн, 11.8 хувь нь тасартлаа хэрэглэсэн гэж хариулсан нь бор дарсанд дурлагсдын дунд залуус олширч буйг харуулна.
Тус хүрээлэнгий захирал Б.Цогтбаатар “Өнгөрсөн онд улсад нийт 27318 гэмт хэрэг гарсны 6683-г нь согтуудаа үйлдсэн байна. Мөн 2820 хүн архинд донтсоны 480 нь нас барсан. Жил бүр 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгддэг юм байна.
Энэ бол монголчууд сархданд хэрхэн толгойгоо мэдүүлж буйг гэрчлэх тоо юм. Сүүлийн үед архи, спиртийн үйлдвэр цөөрсөн ч үйлдвэрлэл нь 1.4, шар айрагных хоёр дахин нэмэгдсэн байна. Тэгвэл худалдан борлуулдаг цэгийн тоо мөн 2.3 дахин ихэссэн дүн гарчээ.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд архины хэрэглээг бууруулах уриалга гарган, хуулиар хориглож буй ч үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн арга улам нарийссаар байна. Иймд шат шатны байгууллага хамтран ажиллаж, хавтгайрсан архидалт, түүний улмаас үүсэх халдварт бус өвчний тархалтыг тогтоон барьж чадна” гэж ярив.
О.БАТ-УНДРАХ