“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаав. Тэрбээр “Энэ залуусын төлөө шатвал ч шатъя” хэмээн гэнэт усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан юм. Азаар галын хор ойрхон байсан тулдаа галыг унтраалаа. Тэрээр “Зууны мэдээ” сониноос “Эрдэнэс Тавантолгой” ХК руу хөл нүцгэн явсан. Үүнийгээ тэмцлийн хэлбэр гэж, тайлбарласнаас өөр юм хэлсэнгүй.
С.Эрдэнэ уг нь хэвлэлийн хурлынхаа эхэнд “ТТ JV CO компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдаа худалдсан. 33 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон нь хөдөлмөрийн хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан хэрэг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасан дээрх компани болж хувирлаа. Ирэх араванхоёрдугаар сард 200 хүн ажилгүй болох нь. Үүний төлөө монголчууд нэгдмээр байна. Энэ бүхнийг хийсэн Засгийн газар болоод С.Баярцогтыг огцруулах ёстой. Ажилчдаа өгөөш болгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг огцруулъя. Би хэзээ ч улс төрийн шинжтэй мэдэгдэл хийж байгаагүй. Ардчиллыг байгуулалцаж хамтран зүтгэж, өдий хүрсэн. Гэхдээ улс орноо худалдаж буй эрх мэдэлтнүүдийг тэвчиж гүйцлээ" хэмээн онцолсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ асуудлаар 15.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.