Хүүхдийн төв сувиллын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 27 настай Г.А гэх эмэгтэй 25 хоногтой хоёр ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн мягмар гаригийн 12.00 цагийн үед гарчээ.
Тэрбээр сувилалд нөхөртэйгөө хамт хэвтэж байсан аж. Нөхрөө түр гарах хойгуур ийм үйлдэл хийсэн гэнэ. Тухайн үед эмнэлгийн эмч, сувилагч нар сувилуулж буй хүүхдүүдээ эргэн явж байгаад Г.А-гийн аймшигт үйлдлийг харж, болиулан хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 орчим минут яаралтай тусламж үзүүлснийхээ дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Ихрүүдийн нэгийн бие хэвийн болсон ч нөгөө нь төдийлөн сайжрахгүй байгаа учир ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Сэжигтэн Г.А “Энэ хүүхдүүдийг өсгөх надад хэцүү санагдсан” гэж ярьж байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Сэжигтэн эмэгтэй ар гэрийн нөхцөл сайтай, эцэг эхтэйгээ хамт амьдардаг юм билээ. Эрүүл саруул ухаантай хүний хийх үйлдэл биш. Холбогдох байгууллагууд нь СЭМҮТ-д үзүүлж, оношлуулна гэсэн” хэмээв.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр саатуулаад буй юм.
Х.АЗЖАРГАЛ