Өнөөдөр 12.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатааж, нийгмийг айдаст автуулсан. Тэрбээр тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэж, "Бид компанийн удирдлагыг эхнээсээ Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан ажилчин хүнийг боолчлон дорд үзэж тодорхойгүй нөхцөлтэй өөр компанид зарсан гэж үзэж байна. Энэ сарын 20-ноос өмнө Ачилтын компани байгуулах сонгон шалгаруулалтаа дуусгаж 36 хүнийг ажлаас хална. Мөн арванхоёрдугаар сард бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтан халах гэж байна. Би энэ үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна" гэсэн бөгөөд мөн "Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн" гээд усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан.
Тэгвэл энэ хэргийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө” гэсэн юм.
Мөн түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдын эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Энэ тал дээр салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тавантолгой ордын зүүн цанхи дээр Австралийн хөрөнгө оруулалттай “Макмахон” компани ажиллаж байсан. Түүний дараа цанхийн баруун хэсэгт үндэсний компани операторын үүрэг гүйцэтгэхээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. Гэтэл хоёр компанийн олборлолтын өртөг, зардлын хэмжээ нэлээд ялгаатай байсан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт эрх ашгийн үүднээс өртөг зардлыг бууруулах, өртөг ихтэй ажиллагааг хумих зорилго тавьж ажилласан. Ингээд “Макмахон” компанитай хийсэн гэрээг дахин шинэчлэх ажлыг олон сарын турш хийсэн байгаа. Харин “Макмахон” компани өөрийн эрх үүргийг Хонгконг-д бүртгэлтэй компанид шилжүүлж, зүүн цанхид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохирсон.
Ингэснээр ажлын байр өөрчлөгдөхгүй, өмнө нь ажиллаж байсан ажилчдаа шилжүүлэн авч ажиллахаар болсон гэж бид ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, нийт компанийн эрх ашгийн үүднээс авч буй бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэж боддог. Үүнийг компанийн тухай хуулиар шийдвэрлэх учиртай. Тиймээс тус компанийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тавьсан шаардлагыг компанийн удирдлагууд удаа дараа хүлээн авч сонсож, аль болох санал нэгдэх чиглэлээр ажиллаж, “Хамтын гэрээг” байгуулах гэж байсан хэмээн бодож байгаа. Энэ тал дээр салбарын яам анхааран ажиллаж, мэдээллийг авч байсан. Ойрын хугацаанд нааштайгаар шийдвэрлэгдэж, “Хамтын гэрээ”-г байгуулах гэж байсан ч өнөөдөр ийм хэрэг болсонд харамсаж байна.
-С.Эрдэнэ арванхоёрдугаар сард дахин бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтнаа халах гэж байна хэмээн мэдэгдсэн байсан. Энэ талаар?
-Уул уурхайн яамд энэ талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Гэхдээ бид ажилчдын ажлын байрыг баталгаатай болгохын төлөө ажиллаж байгаа.
Г.Жаргалмаа