“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 200 ажилтныг Хонгконгийн “TT JV KO” компанид шилжүүлэхээр болсныг тус компанийн ҮЭ-ээс удаа дараа эсэргүүцэж, суулт зарлаж байсан билээ.
Гэвч өдийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдөр “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ "Зууны мэдээ" Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэрээ олон нийтийн өмнө өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд холбогдох тушаалтнуудыг авч уулзан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн. Тиймээс 17.00 цагт энэ талаар тус компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гадаад харилцаа, орон нутаг олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар: Өөрийгөө шатаах шаардлага байгаагүй
-Өнөөдөр “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэрээ С.Эрдэнэ өөрийгөө шатаасан харамсалтай үйл явдал болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээс анх олж мэдлээ. С.Эрдэнийн энэхүү үйлдэл нь олон нийтийн газар, олон хүнийг цочроосон, нөгөө талаар өөрийгөө хохироосон явдал болсонд харамсаж байна.
Тэрбээр энэхүү үйлдлийнхээ өмнө “Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дэмжихгүй учир ажилчдын гэр бүл өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ төлөө болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж мэдэгдсэн.
“Эрдэнэс Таван Толгой” компани нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үнэхээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн бол “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга өөрийгөө шатаахгүйгээр хуулийн хүрээнд эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж буй бол шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой.
Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрбээр энэ хуулийн боломжийг бус, эрүүл мэндээрээ хохирч, нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдэл хийсэнд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг шалгах биз.

Тус компанийн зүгээс ийнхүү мэдэгдсэнийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөхөөс татгалзсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр мөн энэ асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийхийг хүслээ. Тухайн үед бид яг хажууд нь байсан. Гэхдээ өөрийгөө шатаах оролдлого хийнэ гэдгийг нь мэдээгүй. Хамт байсан хүний хувьд бодит мэдээллийг өгөх нь зүйтэй болов уу гэж бодлоо.
Энэхүү нөхцөл байдал юунаас үүссэн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй байх. “Эрдэнэс Тавантолгой” ХК цанхийн зүүн хэсэгт 2011 онд Австралийн “Макмахон” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, олборлолтын үйл ажиллагааг хариуцуулж байсан. Тухайн үед хүний нөөц нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байсан байсан. 2011 оны гэрээний утга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг дэлхийн жишигт хүргэсэн боловсон хүчинтэй, олон улсын стандартад нийцсэн уурхай болгон, таван жилийн хугацаанд эргэж гарах байсан.
Гэтэл тухайн үед хийсэн гэрээ нь ашиггүй байсан учир 2015 онд “Макмахон” компанийн гэрээг Хятадын компани “TT JV KO” компанид шилжүүлсэн. Харин компанийн удирдлагууд нүүрсний зах зээлтэй холбоотойгоор цаашид оршин тогтнох боломжгүй боллоо, тиймээс биднийг Хятадын компанид шилжүүллээ гэж хэлсэн. Хийсэн гэрээнд нь ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хоёр заалт байгаа. Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тоног төхөөрөмжийг хятадын компанид шилжүүлчихсэн, бас ажилтангүй болгож цаасан дээрх компани болгож, хувьчлах гээд байгааг бид удаа дараа хэлж байсан ч үл тоосоор байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Өнөөдрийн асуудлын хувьд гэнэт яригдаж эхэлсэн юм биш. Компанийн ҮЭ-ийн зүгээс бүх шатны байгууллагуудад хандсан.
С.Эрдэнэ ахын хувьд ийм үйлдэл хийнэ гэдгээ хэнд ч хэлээгүй байсан. Гэрээнд нь өөрчлөлт оруул гэж олон удаа шаардаж, суулт хийсэн ч үр дүнд хүрээгүй учраас өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрлээ. Нэмж хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр борлуулалтын үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл уурхайд ажиллаж байгаа ажилчид бидэнтэй санал нэгтэй байгаа учраас арваннэгдүгээр сарын 13-ны 16.00 цагт ажил хаялт зарлаж, уурхайг бүрэн зогсолтод оруулсан.
Мөн түүнчлэн тэдний хэлж буйгаар 203 ажилтныг “TT JV KO” компанид шилжүүлж өгсний дараагаар ахиад 50 орчим хүн, он гарсны дараа дахин 200 орчим хүнийг цомхотголд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгааг зарим нэг удирдлагууд ам алдсан гэнэ. Харин С.Эрдэнийн хувьд 40 хувийн түлэгдэлтэй байгаа юм байна.
Г.Жаргалмаа