Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 13 дахь жилдээ болж, 16 нас хүрч буй залуучуудын төлөөлөл өнөөдөр иргэний үнэмлэхээ гардан авлаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандаж үг хэллээ. Тэрээр “Хүүхэд дөнгөж төрөөд Монгол Улсын иргэний тоог нэгээр нэмдэг ч иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн энэ өдрөөс улсынхаа ачаанаас хамтд үүрэлцэх, алдаа, оноо, ололт, хариуцлагыг хамтдаа хуваалцах иргэн нь болдог. Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө. Залуу насаа зорилготой байлгацгаая” гэлээ. Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.