Өнгөрөгч баасан гаригт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн зарласан хэвлэлийн бага хурлын үеэр тус эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан билээ.
Компанийнх нь удирдлага ажилчдаа "TT JV CO" компанид 33 сарын хугацааитай ажиллуулах гэрээ байгуулсныг эсэргүүцэж ажилчид нь ажил хаялт зарлаж, Цогтцэций суман дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга нь өөрийгөө галдан шатаасан юм.
Тэгвэл өнгөрөгч бямба гаригийн 12.00 цагт компанийн удирдлагууд "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэлээ.
Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжив. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангаж байна. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн зүгээс мэдээллээ.