Монгол, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх томоохон хэмжээний төслийн гэрээнд өнгөрсөн оны наймдугаар сард хоёр тал гарын үсэг зурсан. Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус бүр долоон сая еврогоор тоног төхөөрөмжийг нь шинэчлэх уг төсөл эхнээсээ ажил хэрэг болоод буй. Саяхан ХСҮТ-д хавдрын бүхий л оношилгоо, эмчилгээнд шаардлагатай аппарат, техник хэрэгслийг оруулж ирсэн бол өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт МRI болон CТ суурилуулах гэж байна. Энэ талаар тус эмнэлгийн Техникийн албаны инженер С.Учралаас тодрууллаа.
-Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэх аппаратуудыг хэзээнээс суурилуулах вэ?
-Манай хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм гэсэн. Үүний эхлэл болгож улсын эмнэлгүүдийн эмчилгээ, оношилгоог сайжруулах нийт 21 сая еврогийн маш том төсөл хэрэгжиж байна.
Манай эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл нэлээд хийгдэж байгаа. Дээрх төслийн хүрээнд МRI болон CТ суурилуулна. Бид оны өмнө багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Компьютерт томографи буюу СТ нааш ачуулчихсан. Харин MRI-г тээвэрлэхэд нарийн ажиллагаа шаарддаг тул бэлтгэл шатандаа явж байна.
-Эдгээр аппарат хаанахынх, аль тасагт суурилуулах бол?
-Хоёулаа “Филиппс” брэндийнх. MRI нь 1.5 тесла, CT 128 зүслэгтэй, хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай. Эмнэлгийн өргөтгөлийн барилгын нэгдүгээр давхар буюу Дүрс оношилгооны тасагт хоёуланг нь байрлуулна.
О.Ундрах