“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, “Монгол шилтгээн” ХК, “Багг” ХХК-тай хамтран усан парк бүхий Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болов. Нийслэлд анх удаа амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор барих ажилд БНУУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Мажаар трейд хаус” ХХК дэмжлэг үзүүлэхээр болсонд талархаж буйгаа Э.Бат-Үүл дарга илэрхийлээд, усан парк нь улаанбаатарчуудын очих дуртай газрын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн юм.
“Монгол шилтгээн”-ий хажууд, Европ стандартад нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй материалаар усан парк бүхий Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн санхүүжилт нь 20 сая ам.доллар юм байна. Унгарын тэргүүлэх зэргийн компаниудаар бариулах тус цогцолбор нь дөрвөн улирлын турш ажиллах усан парк, зочид буудал, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон спорт, интертайнмент байгууламжууд гээд бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болох гэнэ. Ингэснээр аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод амар тайван, тав тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ бүх үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарахаа талууд мэдэгдлээ.