Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе.
Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд дахин гэмт хэрэг хийгээгүй
Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг суллаж, орон гэрт нь хүлээлгэн өгөх ажил явагдаж буйтай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийсэн.
Тэрбээр, нийт 2071 хүн суллагдсанаас очих газаргүй 5 хүнийг “Зөв амьдрах ухаан” байгууллага нийгэмшүүлэхээр авсан. Өмнө нь батлагдаж байсан Өршөөлийн хуулийг комисс хэрэгжүүлдэг байсан бол энэ удаа шүүх, прокурор, цагдаа гэсэн хууль хяналтын байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэвч олон нийтийн сүлжээгээр тэдгээр хүмүүсийг гэмт хэрэгт холбогдож бусдыг айлган сүрдүүлж байна хэмээн үндэслэлгүй мэдээлэл их гарах боллоо. Одоогийн байдлаар ямар нэг гэмт хэрэгт холбогдон хоригдсон зүйл байхгүй. Тиймээс иргэдийг ийм ташаа мэдээлэлд автахгүй, тайван байхыг хүсч байна” гэв.
Түүнчлэн Өршөөлийн хуулиар Монголын 2071 хүмүүжигчид суллагдаж эрх чөлөөтэй болсон. Тэгвэл энэ хуульд Монголд ял эдэлж байсан гадаадын иргэд ч хамрагдсан байна. ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин-1 нийт 8 гадаадын иргэн өршөөлийн хуульд хамрагдаж, эх орондоо буцжээ. Тэднийг нийслэлийн Тахарын албаны алба хаагчид ИХШХЕГ-ын Албадан гаргах хэлтэст хүлээлгэн өгсөн аж.
Шинэхэн “Клара”-нуудыг танилцуулжээ
Шинэ жилийн баярын сонгодог бэлэг “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн тоглуулж байгаа. Энэ жилийн “Цөмөөхэй”-гийн гол дүрийн шалгаруулалт явагдаж, 100-120 хүүхдийг шалгаруулж, балетдаа тоглуулахаар болсон байна.
Гурван хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алджээ
Энэ сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7-р хороонд суух 38 настай, эрэгтэй Ч , 41 настай эрэгтэй М, Налайх дүүргийн 2-р хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас баржээ.
Ирэх онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүйг сануулав
Монгол Улсын эдийн засгийн тоймыг Дэлхийн банк танилцууллаа. Тус тайланд эдийгээр ДНБ-ий урт хугацааны төлөв өөдрөг байгаа ч эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, ирэх онд гадаад зээлээ эргэн төлөхийн сацуу бодлогын орон зай хязгаарлагдмал байгаа тул богино хугацаанд хүндрэл тулгарч буйг мөн тэмдэглэжээ. Түүнчлэн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний ханш үргэлжлэн буурах төлөвтэй, худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй учраас Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх нь зүйтэйг дурдсан байна.
Монгол бахархлын өдөр тохиолоо
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 2012 оноос хойш жил бүр эл өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаж бүх нийтээр амардаг болсон билээ. 853 жилийн ойн баярын үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулахаар эхэллээ. Үүний дараа 10:40 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг төв талбайдаа цэнгүүллээ. Үүний дараа “Чингисийн одон”-гоор нэрт яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёог шагнасан юм.
Сюрпризээр дүүрэн “Ромео Жульетта” нээлтээ хийлээ
Домогт хайрын түүхийг өгүүлэх “Ромео Жульетта” жүжиг Монголын тайзнаа гурав дахь удаагаа амилж, энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ. Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн “Ромео Жульетта” жvжгийн гол дvрд УДЭТ-ын залуу жvжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар тоглож байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан өөрийгөө шатаав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Үүнийгээ тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 203 ажилтныг “ТТ JV CO компанид шилжүүлэх болсныг удаа дараа эсэргүүцсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас ийн шийдвэр гаргахад хүрлээ хэмээн тайлбарласан байна.
Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох тушаалтнуудыг дуудан уулзаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Дэлхийд: Сахиусан тэнгэрүүд Нью Йорк хотод буулаа
"Victoria`s Secret-2015" дотуур хувцасны шоу энэ сарын 10-нд АНУ-ын Нью Йорк хотод болсон бөгөөд Шоуг 26 настай, зургаа дахь жилдээ Victoria`s Secret-д оролцож буй модель Бехати Принслүү буюу Maroon 5 хамтлагийн дуучин Адам Лавины найз бүсгүй нээсэн юм.
Францад аллага үйлдэх гэж байсныг илрүүлэв
Тулон хотод байдаг Тэнгисийн цэргийн томоохон баазад үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг илрүүлэн зогсоож чаджээ. Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй, энд аллага үйлдэхээр төлөвлөж байсан залууг Францын цагдаа нар баривчилсан аж. 25 настай энэ залуу өнгөрсөн онд Сири рүү явах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүй тагнуулын албаны хараа хяналтад байх болжээ.
Иранд тавьсан хоригийг Обама сунгав
Ираны эсрэг тавьсан хоригийг нэг жилээр сунгах шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурав. бама Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, Сенатын удирдагч хоёрт бичсэн захидалдаа Вашингтон, Тегераны харилцааг хэвийн байдал руугаа эргээгүй гэж үзэж буй учраас Ираны бий болгосон нөхцөл байдлаас үүдэн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учирснаас онцгой байдал тогтоосноо зарласан 1978 оны арваннэгдүгээр сарын 14-ний 12170 тоод зарлигийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх шийдвэр гаргалаа гэж өгүүлсэн байна.
Террористууд Францад халдлага үйлдлээ
Энэ сарын 13-14-ний шилжих шөнө Франц улсын Парис хотноо болсон зэвсэгт халдлагын улмаас ойролцоогоор хамгийн багадаа 153 хүн нас барж, 180 гарй хүн хүнд шархдаад байгаа билээ. Үүний улмаас Франц улс үндэсний онц байдал зарлаж, бүх хилээ хаасан юм. Дэлхийн улсууд Францын ард иргэдэд зориулж бахархлуудынхаа өнгийг өөрчилж, Францын төрийн далбааны өнгөөр буюу улаан, цагаан, хөх гурван өнгөөр гэрэлтүүлжээ. Үүгээрээ дамжуулж долоон газарт дараалан террористуудын халдлагад өртөж, 150 гаруй иргэнээ алдсан Франц улсад эмгэнэл илэрхийлж байгаа юм. Тус давалгаа АНУ-ын Нью Йорк хотын террористуудын халдлагад өртөн сүйрсэн хоёр ихэр цамхагийн суурин дээр боссон Дэлхийн худалдааны төвийн барилга өнгөө өөрчилснөөр эхэлсэн юм. Үүний дараагаас Сан Франциско, Сидней, Рио Де Жанеро, Лас Вегас, Мехико хотууд өнгөө өөрчилж эхэлжээ.