Энэ сарын 14-ний өглөө Францын сонинуудын эхний нүүрэнд “Аймшгийн шөнө”, “Аллага”, “Парист хядлага болов” гэх мэт сэтгэл сэрдхийлгэсэн гарчиг харагдаж байв. Тэдгээрт өгүүлснээс үзвэл баасангаас бямба гаригт шилжих шөнө Францын нийслэл Парис хотод алан хядах цуврал ажиллагаа болсон байна.
Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт болж байсан “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд амиа золиослогч гурван этгээд өөрсдийгөө дэлбэлсэн бол Вольтер гэдэг цэцэгт гудамжинд нэг хүн бас ийм үйлдэл хийж хэд хэдэн алан хядагч зоогийн газруудын дэргэд болон дотор нь гал нээж, “Батаклан” гэдэг концертын танхимд Америкийн рок хамтлаг тоглолт хийж байхад нь зэвсэглэсэн хүмүүс дайран орж бөмбөг дэлбэлж, буу дуугаргаж, хүмүүсийг барьцаалжээ.
Энэ бүхний эцэст амь үрэгдсэн хүний тоо 160 шахсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар тэмцээн үзэж байсан аж. Амиа алдсан хүмүүсийн дунд Америк, Бельги, Испани, Алжир, Мексик, Чили улсын иргэд байсан хэмээн мэдээлж байна.
Эдгээр аллага урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай үйлдэл байсан нь гарцаагүй. Тэднийг энэ хэрцгий үйлдлээ гүйцэлдүүлэхэд цахим сүлжээ ихээхэн үүрэгтэй байсныг нотлох баримт олдсоор байгаа аж. Ялангуяа Telegram цахим хуудсыг тэд маш өргөн ашигладаг аж.
Цахим сүлжээ нь алан хядагчдын хэл ам авалцах, ажил үйлсээ зохицуулж уялдуулах гол зэвсэг нь болсныг Парист болсон энэ аллага харуулсан гэж хэлж болно. Сая өгүүлсэн Telegram-ыг алан хядагчидтай хамтран ажиллаж байна хэмээн зэмлэх болсон нь саяхны юм биш. Өнгөрсөн сард Австралийн Мельбурнд алан хядах үйлдэл хийхээр бэлтгэж байсан Англи, Австралийн хоёр хүүхэд баривчлагдсан аж.
Тэд өөрсдийн үйлдлийг Telegram-аар уялдуулж хоорондоо 3000 гаруй удаа мэдээлэл солилцсон байжээ. “Лалын ариун дайчид” гэж өөрийгөө нэрлэгсэд “Францын хувьд арваннэгдүгээр сарын 14 нь Нью-Йоркийн есдүгээр сарын 11 байх болно” гэж мэдэгдээд, дараагийн бай нь Ром, Лондон, Вашингтон…” гэж амласан байна.

Саяны аллагыг үйлдсэнээ “Исламын улс” бүлэглэл нэгэнт хүлээсэн. Түүний хэвлэлийн асуудал эрхэлсэн Абу Мухаммад аль-Аднани аш-Шами “Энэ довтолгоо ирээдүйн их аадрын эхний дусал төдий юм” гэж энэ сарын 14-ний өглөө телевизийн сувгаар мэдэгджээ. Уг мэдэгдлийг араб, англи, орос, герман, турк болон бусад хэлээр цацжээ.
Парист үйлдсэн аллагыг зохион байгуулагч нь Сирийн иргэн Ахмед Алмохаммед байж болзошгүй гэсэн таамгийг Сербийн “Blic” сонин гаргав. Энэ этгээдийг өнгөрсөн сарын 3-нд Грект хөл тавьж, 7-нд дүрвэгсдийн дунд орон Македоны зүгээс Сербийг дайран өнгөрсөн гэж тус сонинд бичжээ. Парисын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн хүнд Сирийнхээс гадна Египетийн иргэний паспорт байсан аж.
Гэхдээ Сирийн иргэний паспорт нь хуурамч байж болзошгүй гэж АНУ-ын тагнуулын албаныхан сэжиглэж буй аж. Учир нь түүн дээр байгаа дугаар Сирийн иргэний албан ёсны паспортынхтой тохирохгүй байгаа юм байна. Бас зураг, нэр хоёр зөрж буй гэнэ. Алан хядагчдын нэг нь франц эр байсан гэх мэдээлэл ч тархжээ.
Түүгээр ч барахгүй түүний эцэг, ахыг нь Францад баривчиллаа гэж “Le Fiqaro” сонинд мэдээллээ. Амиа золиослогчдоос хэн болохыг нь тогтоогоод байгаа ганц хүн нь 29 настай энэ франц залуу юм. Тэрбээр Парисаас холгүй байх Куркурон хотод төрсөн, 2004-2010 онд найман удаа хэрэгт холбогдож байсан ч шоронд ер сууж байгаагүй гэнэ. Түүнийг Францын тусгай алба 2010 оноос хараа хяналтдаа байлгаж байжээ.
Алан хядах ажиллагааг мөрдөн шалгахад туслуулахаар АНУ-ын ХМТ хэсэг ажилтнаа Франц руу илгээхээр болжээ. Хэвлэлд бичсэнээс үзвэл, “Исламын улс”-ын эгнээнд Францын 570 иргэн байлдаж яваа аж. Үүнээс гадна Ирак, Сирид тулалдаж яваа хүмүүсийн дотор лалынханд уруу татагдсан Францын иргэн франц бус үндэстэн цөөнгүй байгаа юм байна.
Өөрсдийнх нь эгнээнд орж ирсэн хүмүүсийг эх оронд нь алан хядах ажиллагаа үйлдүүлэхээр “Исламын улс” зэхэж байна. Тэднийг эх орон руу нь буцаах нь төлөвлөсөн алан хядах ажиллагаа байх магадлалтай гэх мэдээллийг холбогдох байгууллагууд урьд нь түгээж л байсан билээ.
Тэр ч бүү хэл Францад хийхээр төлөвлөж буй ажиллагааны цохилтын гол хүч нь Сири, Ливи, Йеменд байлдаж яваа Францын иргэд байна. Тэд мөнгөтэй ирж зэвсэг хулалдаж авна гэж хэвлэлд бичиж л байж.
Германы “Die Welf” сонинд ч лалынхны заналхийллийг хоосон үг биш хэмээн сэрэмжлүүлсээр байжээ. Алан хядах ажиллагаа энэ удаа Германаас холуур өнгөрөв. Гэхдээ л нүүрний шилэн дээрээ “Битгий онгойлго, дотор нь “Исламын улс”-ын бөмбөг бий” гэсэн бичигтэй машин Германы Кёльн хотоос олджээ.
Гэвч явдал чирэгдэл болж байж шалгахад дотор нь дэлбэрэх төхөөрөмж байсангүй. Германы тусгай албадын үзэж буйгаар эндхийн 780 хүн “ариун дайнд” мордоод нэлээд нь буцаж ирснийг тэр болгон саатуулж чадахгүй л байгаа аж.
Парис хотын прокурор Франсуа Моленс сэтгүүлчдэд мэдээлснээр бол үйл ажиллагаагаа ягштал уялдуулсан гурван бүлэг алан хядагчид Парист ажилласан бололтой байна. Тэд сайтар зэвсэглэж, эрс шийдмэг “хөдөлжээ”. Эхний бүлэг нь цэнгэлдэх хүрээлэнд, хоёр дахь нь Парисын 10, 11 дүгээр тойрогт, гурав дахь нь концертын танхимд аллага үйлдсэн аж.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдээс хоёр амиа золиослогчийн цогцос олдсон бол концертын танхимд цагдаа нар нэг алан хядагчийг устгаж, хоёр нь амиа золиосложээ.Баримтаас үзвэл, эхний дэлбэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд 21.20 цагт, 10 минутын дараа хоёр дахь нь тохиожээ.
21.25 цагт зоогийн газруудад буу дуугарч, сүүлчийн дэлбэрэлт 21.53 цагт болсон байна. Үүнээс дөрвөн минутын өмнө “Батаклан”-д хүмүүс рүү бууджээ. Алан хядагчид хүмүүс олноор цугласан газруудыг сонгож авчээ. Концертын танхим л гэхэд 1500 хүний, “Стад де Франц” цэнгэлдэх хүрээлэн 80 мянган хүний суудалтай аж.
Сүүлийн 10 жилд Францад хэд хэдэн алан хядах ажиллагаа болсныг уншигчдадаа эргэн сануулъя. Энэ оны зургадугаар сарын 26-нд Гренобль хотоос холгүй байх химийн үйлдвэр рүү машинтай этгээд дайрчээ. Тэрбээр гартаа “Исламын улс”-ын туг барьсан байв. Үйлдвэрийн дарга алагдсан аж. Энд ажилладаг, алан хядагчидтай холбоотой гэгдэж байсан Ясин Сали гэгчийг үүнд сэжиглэн баривчилжээ.
Нэгдүгээр сарын 9-нд Амеди Кулибали гэдэг этгээд “Гипер Кишер” гэх дэлгүүр рүү дайрч дөрвөн хүний амь хороогоод өөрөө алагдсан байна. Тэрбээр хоёр өдрийн өмнө “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид аллага үйлдсэн ах дүү Куаши нарын мэдээлэгч байв. Хошин шогийн тус сэтгүүлийн байранд нийтдээ 12 хүний амь үрэгдсэн юм. Энэ үйлдлийн хариуцлагыг “Аль-Кайда” хүлээсэн.
Францын өмнөд нутгийн Тулуз, Монтобан хотуудад 2012 оны гуравдугаар сарын 11, 15-нд алжир гаралтай Мохаммед Мера Францын цэргийн албан хаагчид болон сургууль руу довтолж, долоон хүний амь хөнөөсний гурав нь хүүхэд байв. Үүнийг “Аль Кайда”-тай холбоотой лалын алан хядагчид үйлдсэнээ хүлээсэн аж. Энэ мэт аллага Норвег, Англи, Испанид үйлдсэн байна.