Төрийн өмчийн хөрөнгийг залилан мэхэлж авсан, гадаадаар дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүр дуулиантайхан баривчлан хорьсон билээ.
Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсноос хойш 14 хоногийн дараа Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн баасан гаригийн 17.00 цагийн үед батлан даалтад гаргалаа.
Уг нь прокурор, мөрдөн байцаах байгууллагаас нь яллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулж, улмаар тус шүүхэд үргэлжлүүлэн хорих үндэслэлүүдээ тайлбарлан бүтэн өдөржин шахам хуралдсан аж. Гэвч шүүгч 14 хоногийн өмнөх шийдвэрээ өөрчлөн батлан даалтад байлгаж мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэсэн юм байна.
Зарим хүн үүнийг “Шүүх нөлөөнд орчихлоо” гэж үзэж буй бол нэг хэсэг нь “Заавал цагдан хорих шаардлагагүй, хүн хэлмэгдүүллээ. Батлан даалтад байлгаж шалгаад гэм буруутай эсэхийг нь тогтоочихож болно шүү дээ” хэмээж байгаа юм.
Цагдаа, прокурорын байгууллагынхан бүтэн жил шахам баримтжуулан цуглуулсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйд гайхширч байгаа ч шүүгчийн захирамжийг эсэргүүцээгүй гэнэ. Хэдийгээр Б.Батзаяаг батлан даалтад өгсөн ч түүний хилээр гарахыг хориглосон тогтоол хэвээрээ байгаа аж.
Б.Батзаяа нарт холбогдох залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт “Монголын төмөр зам” компанийн дэд захирал Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат нарыг бас сэжиглэж байгаа бөгөөд дээрх хүмүүс хилээр гараад явсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
ЭЦГ-аас Интерполын Монголын товчоогоор дамжуулан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандан эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг тус байгууллага хүлээн авч, өөрийн цахим хуудастаа өнгөрсөн долоо хоногт байршууллаа.
Ч.Ганбатын хувьд АНУ-д амьдрах ногоон картны сугалаанд хожиж, тус улсад амьдрах эрх авсан болохоор эх орноосоо гарахдаа Монголын паспортаа ашиглаад, дамжин өнгөрсөн улсууддаа АНУ-ын паспорт үзүүлж явсан тухай мэдээллийг ЭЦГ-ынхан аваад байгаа юм билээ.
Г.РАВЖАА