“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарч, олон нийтийг цочролд оруулаад байгаа.
Тэрбээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байхдаа буюу 12.15 цагийн үед “Ажилчид байнгын тогтвортой ажиллах ёстой. Хэрвээ энэ хууль бус үйл ажиллагаанаас болж монгол хүн шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд ундааны саванд хийж бэлтгэсэн шатахууныг бие дээрээ асгаж, гал тавьсан. Гэнэт дүрэлзэн ассан их галыг тэнд байсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд унтрааж түүний амийг аварсан билээ.
Түүнийг Үндэсний мэдээллийн төвөөс гарч явахад нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудын нэг өөдөөс нь гарч ирээд “Та чинь юу хийчих вэ” хэмээн асуухад С.Эрдэнэ “Энэ хүн намайг ийм болгосон” гэж хэлээд Чингисийн талбайгаар алхсаар ажлын байрандаа очсон юм.
Тэрбээр хурлын үеэр “Засгийн газар манай компанийг дэмжихгүй байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахин 200 гаруй ажилчныг халах гэж байна. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдэгдэж байсан.
Энэ хэрэг гарсны дараа түүнтэй хамт мэдээлэл хийсэн нөхөд нь “Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилчдынхаа төлөө өөрийгөө шатаасанд нь одоо ч итгэж чадахгүй байна” гэсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус ордын Цанхийн зүүн хэсэгт Австралийн “Макмохан” компани гэрээгээр олборлолт явуулдаг байсан гэнэ. Харин эдгээр 200 ажилчны хувьд Австралийн компанийн удирдлага дор ажилладаг байжээ. Гэсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос явж оронд нь Хятадын компани ажиллахаар болсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдээлж байжээ.
Тус компанийн удирдлагууд өнгөрсөн бямба гаригийн 12.00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдынхаа төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж, дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, “TT JVCo”-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад тавьсан аж.
Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны 16.00 цагаас эхлэн ажил хаясан 21 хүн 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн зааврын дагуу хангаж буй аж. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган, ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдээлсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үйл явдалтай холбогдуулан шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн. Тэрбээр С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгов. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм.
Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” ХК-ийн Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ компанийн захирлыг түр орлон гүйцэтгэхээр боллоо.
С.Эрдэнэ одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэнэ. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ 30-40 хувийн түлэгдэлттэй байжээ. Түүний дөрвөн мөч, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн аж.
Мөн түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн тул амь насанд нь ч аюултай байж болзошгүй гэнэ. Тэрбээр эмнэлэгт ирэхдээ дэмийрлийн байдалтай, шоконд орсон байжээ. Нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа мэс засал хийж магадгүй аж.
Өөрийгөө шатаахаар завдсан С.Эрдэнэ болон ийм шийдвэр гаргахад хүргэсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй аж. Тодруулбал, С.Эрдэнэ Эрүүгийн хуулийн 236 буюу дураараа аашлах гэсэн зүйл ангид зааснаар хэрэг үүсгэж байгаа гэнэ.
Энэ хуульд “Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсвэл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Мөн энэ үеэр Үндэсний мэдээллийн төвийн зарим эд зүйл шатсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд хамаарах хэрэг аж. Хуульд “Бусдын эд хөрөнгийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсвэл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Тус төвийнхөн хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн заалт бий. Уг заалтад “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Тэгвэл энэ зүйл ангид зааснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хуулийн хариуцлага хүлээж болзошгүй аж. Хэрэг гарсны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тус компанийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар “Бид ажилчдаа сул зогсолт хийлгэхгүй, ажилтай байлгах үүднээс 33 сарын турш өөр компанид ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Манай компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв хууль бус үйлдэл гаргаж, ажилтнуудын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж буй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа.
Гэтэл хуулийн дагуу шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийн оронд өөрийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж, олон нийтэд айдас төрүүлсэн үйлдэл хийсэнд харамсаж байна” гэв.
Х.ЖАРГАЛ