Өнгөрөгч баасан гарагт “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд өөрийгөө шатаасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Хөх Монгол” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэм, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “С.Эрдэнэ хэн нэгнээс мөнгө авч, захиалгат үйлдэл хийгээгүй. Долоон хүүхэдтэй эцэг хүн юуны учир тийм үйлдэл хийх болов гэдгийг бодож үзэхийг хүсэж байна. Ер нь тэр хүн ганцхан өөрийнхөө төлөө бус нийт Монголчуудынхаа өмнөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжсэнийг ойлгох хэрэгтэй. Тийм байхад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна гэдэг бол байж болохгүй асуудал. Үнэхээр шалгамаар байгаа бол эхлээд хулгайч, луйварчид, авилгачдаа шалгаж байцаачихаад Эрдэнийг шалгах нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн юм.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт : Тэмцэл биш хүчирхийлэл биш
Бид болсон нөхцөл байдлыг бодитоор нь тайлбарлахгүй бол эрх барьж буй эрхмүүд хүчирхийлэл, гэмт хэрэг мэт болгож харагдуулж байна. Тэмцэл бол хүчирхийлэл биш. С.Эрдэнэ бидэнтэй хамтарч ажиллаж байсан. Уг үйл явдал болохоос хоёр долоо хоногийн өмнө ирж бидэнтэй уулзсан. Тэрээр Монгол Улсын иргэн цалинтай байх юм бол монгол хүн сайхан амьдарна. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал юм шүү гэж хэлсэн. Тиймээс энэ хүнийг бид цаашдаа өмөөрсөөр байх болно.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Франц улсад болсон халдлагатай хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж байгаатай харьцуулна гэдэг бол байж боломгүй асуудал. Бид өнөөдөр ямар нэгэн хүчирхийлэлд уриалах бус бодит байдлыг ярьж байна. Төр засгийн буруу бодлогоос болж өнөөдөр монгол хүн бүр өртэй болж, энэ өр нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс бид цаашид зүгээр гараа хумхиад суухгүй шүү гэдгээ илэрхийлж байгаа юм. Дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана. Эхний ээлжинд төрийн удирлагуудад асуулт тавина. Хэрэв асуултад хариулахгүй бол өлсгөлөн зарлах, суулт хийх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авна.
Гэхдээ бид ямар нэг байдлаар ард түмнийг өдөөн турхирч байгаа хэрэг биш. Бид ч мөн адил энх тайван байхыг хүсэж байна. Монгол Улсад минь Францын ард түмэнд болсон шиг зүйл битгий тохиолдоосой, 7 сарын 1-нийх шиг хар бараан үйл битгий болоосой гэсэн үүднээс хэлж байна.
“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүлэгч гишүүн А.Батаа
Би дөнгөж сая С.Эрдэнэ дээр оччихоод ирж байна. Тэр хүний биеийн байдал сайнгүй, өөрөө юм ярьж чадахгүй байгаа. Бас хэргийн газар дээр хамт байсан 6-7 залуусыг цагдаагийн газраас шалгаж, гэрт нь нэгжлэг хийсэн байсан. Монголын хууль хяналтын байгууллага ямар хурдан шуурхай болчихсон юм бэ? Дээд албан тушаалтнуудын хэрэг дээр хөдөлж өгдөггүй хүмүүс энгийн ардын хэрэг дээр их түргэн шуурхай ажиллах юм. Эрдэнэ бол монголынхоо төлөө л зогссон хүн.
Ерөнхий сайд Эрдэнийг эх орноосоо урвасан үйлдэл хийсэн гэж хэлэх шиг болсон. Харин таныг хамгийн түрүүнд эх орноо худалдсан төрийн албан хаагчдыг шалгачихаад дараа нь энэ хүнийг буруутгаач гэж хэлмээр байна.