Өнөөдөр Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос Эрүүл мэндийн салбарт гаруй буй нөхцөл байдалтай холбоотойгоор Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс энэ сарын 25-ны дотор мэтгэлцэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Эрүүл мэнд, спортын яамны сайд болон төрийн нарийн бичгийн дарга хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаагаас болж энэ салбар удирдлагагүй шахам ажиллаж байгааг онцлов.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар хэлэхдээ “Эрүүл мэндийн салбар бол маш чухал салбар. Бидний гаргасан “Монгол хүн 2020 он” хөтөлбөрт “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн томоохон зорилт тусгагдсан байгаа учраас тус салбарыг авч явах хариуцлага эрх барьж байгаа хүчинд байх ёстой. Тиймээс улс төрийн наймаа болгож болохгүй. Тиймээс энэ салбарыг АН-ын хүн удирдаж, ажил үүргээ ард түмэндээ тайлагнах ёстой гэж үзэж байна. Сүүлийн 2-3 жил МАХН-ын хүмүүс удирдаж авч явж байна. Гэтэл хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой бус байна.
2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан АН хариуцлагаа үүрч энэ салбарыг авах ёстой гэж үзэж байна” гэв.
Мөн тэрээр Эрүүл мэндийн салбарын хариуцлагыг ямар шатанд хүргэсэн бэ, хойшид ямар шатанд хүргэсэн талаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм.