Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг өчигдөр баталлаа. Мөн “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын дулаан дамжуулах 2ф 700 мм хос шугамын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрыг тогтоосон юм. Дээрх бүтээн байгуулалтад тээг болж буй газар болон үл хөдлөх хөрөнгө нийт 913 сая төгрөг болж буй бөгөөд 2015 оны нийслэлийн төсөвт баталсан нөхөн олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхээр болов. Газар чөлөөлүүлэх ажлыг Өмчийн харилцааны газар хариуцах аж.