УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шалгах хүрээ нэлээд хумигдаж байгаа талаар тагнуул, цагдаагийн байгууллагын эх сурвалжууд хэлэх болов. Үүнийг батлах мэт өнгөрсөн бямба, ням гаригаас эхлэн түүний эхнэр Д.Булганыг албадан саатуулсан гэх дуулиан олны анхаарлыг татлаа.
Өнгөрсөн ням гаригийн үдэш ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас Д.Булганыг саатуулсан гэх мэдээлэл үнэний ортой эсэхийг лавлахад “Мэдэхгүй байна. Ажлын хэсгээс холдоод удаж байна шүү дээ” гэж хэлж байсан.
Нээрээ ч Д.Булганыг саатуулсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байгаа бололтой. Зөвхөн ЦЕГ-ын даргад л хэргийн гол гэрч эмэгтэйг саатуулсан тухайгаа уг хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн танилцуулсан гэнэ.
-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү ч сэтгүүлчдэд өөрт олгосон эрх мэдлийн хүрээнд “Д.Булганыг цагдан хорьсон нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгч чадаагүйгээс ихэд нууцалж байна гэдгийг нь дүгнэж болохоор санагдсан.
С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэн шалгах ажлын хэсэг гэж Тагнуулын болон ЦЕГ-ын хамтарсан, Улсын ерөнхий прокурорын удирдлага дор ажилладаг, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, ах дүүд нь ч, намынх нь журмын нөхдөд ч, ард түмэнд ч ажлаа тайлагнадаггүй хэсэг хүмүүс бий.
Хэвлэлээр хавтаст хэргээс нь эд мөрийн баримт алга болсон талаар барим тавим зүйлүүд гарч байхад “тийм зүйл болоогүй” гээд хэлчих хүн ажлын хэсэгт нь байдаггүй, ажлаа хийж байгаа эсэх нь ч тодорхойгүй байдгийг гайхах хүн олон.
Энэ ажлын хэсгийнхэн сонгууль ойртсон, улс төр донсолсон, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн барьсан, ард нийтийн санал асуулга гэж халуурсан энэ өдрүүдийг сонгон Д.Булганыг цагдан хорьсон нь иргэдийн дунд бас л хардлага төрүүлж эхэллээ.
С.Зоригийн гэх хэргээр сонгууль болгоны өмнө шоу хийдэг ээлжит ажлаа эхлүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө үүгээр халхавчлан зүтгүүлэх гэж байна гэх хүн олон байна.
Харин хууль хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхэд ойрхон болсон. Үүнтэй холбоотойгоор Д.Булганыг саатуулсан. Гэхдээ түүнийг хүн амины хэрэгт бус, гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан гэж сэжиглэн 72 цаг албадан саатуулаад байгаа” гэсэн юм.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэж мэдээлж буй ч тус ангийнхан “Манайд Д.Булган гэдэг хүнийг цагдан хориогүй, цагдаа, тагнуулын байгууллагынхан хуулийн хүрээнд өөрсдийнхөө байранд 72 цаг албадан саатуулах эрхтэй шүү дээ” хэмээв.
Прокурорын байгууллагын эх сурвалж “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Гэхдээ одоохондоо чимээгүй байж бай, цаг нь болохоор мэдээлэл өгье” гэсэн юм.
Уг нь Д.Булганаас хэрэг гарсны маргааш нь мөрдөн байцаагч мэдүүлэг авч байсан ч өдгөө уг байцаагч учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл байдаг. Зарим хүн эхнэрийг нь аль эртнээс шалгах ёстой байсан гэж үздэг ч ажлын хэсгийнхэн үүнийг хийлгүй явсаар өдий хүрсэнд гайхах нь бий.
Юутай ч олон хууль, тэр дундаа Үндсэн хуульд гар дүрэх дуулиантай зэрэгцээд С.Зоригийн амийг хохироосон хэргийг шалгах ажлын хэсгийнхэн амь орсон нь улс төрийн зорилготой үйлдэл үү, үгүй юү гэдгийг дараа дараачийн үйл явц, өрнөл харуулах биз ээ.
Түүнийг 72 цаг саатуулах хугацаа өнөөдөр дуусаж, үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэх нь тодорхой болно.
Д.ДАЙЧИН