Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X хороонд оршин суудаг, “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Хүслийн хад хэмээх газарт амиа алдсан хэрэг гарсан.
Цагдаагийн байгууллага түүнийг амиа хорлосон уу, эсвэл бусдын гарт амиа алдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж буй. Харин түүний дотно хүмүүс “Цагдаагийнхан талийгаачийг амиа хорлосон байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан юм шиг байна лээ. Сүмбэрээ амиа хорлох хүн биш” гэж байв. Учир нь түүнийг үл таних хүмүүс дарамталж, алахыг завдаж байсан гэнэ.
Тэрбээр 2006 онд МУИС-ийн биологийн ангид элсэн орсон бөгөөд сургуулиа төгссөний дараа “Ирвэс хамгаалах сан”-д ажилладаг болжээ. Т.Лхагвасүмбэрэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тосонбумбын нуруун дахь ирвэсэнд камер суурилуулж, камерынхаа мэдээлэл дээр тулгуурлан судалгаа хийдэг байсан аж.
Улмаар ажлынхаа хажуугаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байж. Гэвч одоогоос жил гаруйн өмнө сургуулиасаа гарч явахад нь үл таних хүмүүс түүнийг машиндаа суулган, хотоос зайдуу аваачиж “Чи Тосонбумбын нуруу руу дахиж явж болохгүй.
Ер нь Улаанбаатар хотод ч байх шаардлагагүй” хэмээн дарамталсан талаар талийгаач багийнхандаа хэлж байжээ. Уг хэрэг гарсны дараагаар тэрбээр аавындаа очиж, хэсэг хамт амьдарсан гэнэ.
Ингээд хэрэг намжсаны дараагаар талийгаач ажилдаа эргэн орж, Тосонбумбын нуруу руу судалгаагаа үргэлжлүүлэхээр явсан байна. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд судалгааны ажлаа хийж явахад нь үл таних хүмүүс зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалж, алахыг завдсан аж.
Уг хэргийн дараа тэрбээр “Дээгүүр нисдэг тэрэг яваагүй бол тэд намайг алах байсан” хэмээн ярьж байж.
Тиймээс багийнхан нь түүнийг бусдын гарт амиа алдсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ингэж дүгнэхэд хүргэсэн хэд хэдэн шалтгааныг ч хэлсэн юм. Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж “Тосонбумбын нурууг бид тусгай хамгаалалтад авах санал гаргасан.
Тэнд уул уурхайн лиценз их олгосон. Лицензээ хураалгахгүй гэсэн хүмүүс түүний аминд хүрсэн байж магадгүй. Үүнээс гадна түүний суурилуулсан камерт хууль бус үйлдэл хийж буй, буу үүрсэн хүмүүсийн бичлэг байсан тухай талийгаач амьддаа цухас дурдсан.
Талийгаач угийн дуу цөөнтэй учраас бидэнд тодорхой зүйл ярьж байгаагүй. Түүний камерт өртсөн хүмүүс ийм зүйл хийсэн ч байж магадгүй. Талийгаач ямар нэгэн ноцтой хэргийн талаар мэдэж байсан” хэмээн ярилаа.
Түүнийг энэ сарын 5-ны орой гэрээсээ гараад сураггүй болсон учраас ойр төрлийн хүмүүс болон ажлынхан нь цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Улмаар эрэн хайх ажиллагаа явуулж, Дархан-Уул аймгийн зам дахь постын камерын бичлэгээс түүнийг Хөвсгөл явсан болохыг нь тогтоожээ.
Ингээд энэ сарын 11-нд түүний машиныг олж, дараа өдөр цогцсыг нь Хөвсгөл нуураас олж авчээ. Гэвч талийгаач тухайн үед Хөвсгөл явах төлөвлөгөөгүй байсан бөгөөд Тосонбумбын нуруу руу явахаар бэлтгэж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс үзвэл талийгаачийг хэн нэгэн хүн Хөвсгөл рүү хүчээр авч явсан бололтой.
Г.ЦЭЦЭГ