“Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Монгол Улсад нийт төрөлтийн 7 хувь нь дутуу төрдөг бөгөөд нярайн эндэгдлийн 65-70 хувийг дутуу төрсөн буюу бага жинтэй нярай эзэлж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад нийт дутуу төрөлтийн 10 хувь нь энддэг бол буурай хөгжилтэй оронд 90 хувь нь нас бардаг аж.
Нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж, хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй дутуу төрөлт юунаас үүддэг юм бол?
Амьдралын баяр баясал нэмж, үр болон заяасан ч хугацаанаасаа өмнө төрөх гэж сандаргахад олон зүйл нөлөөлдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Агаар, хөрсний бохирдол, нийгмийн стресс гэх мэтээр олон зүйлийг нэрлэж болох ч эхийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг хамгаас чухал юм.
Өөрөөр хэлбэл, шалтгааныг өөр бусад зүйлээс бус өөрөөсөө эрэлхийлэх нь зүйтэй гэнэ. Тамхи татдаг эхийг дутуу төрөх эрсдэл байнга дагаж “явдаг”. Архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн ч ялгаагүй, эхийн хэвлийд хүн болохоор тэмцэж буй нэгнийг эндэхэд асар их нөлөөлдөг аж. Хоромхон зуурын хэрэглээ хожмын хэмжээлшгүй харууслыг дагуулж буйг эмч нар сануулсан юм.
Түүнчлэн эхийн нас дутуу төрөлтөд маш их хамаатай. Хэт бага буюу 17-оос доош настай бол эсвэл 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтэд дутуу төрөлт ихээр тохиолддог байна. Дутуу төрөлт бол үр хөндөлт шиг санаатай аллага биш. Бас зулбалт ч биш. Хазгай гишгэхээс ч эмээж хайрлан, төрөх өдрийг нь тэсэн ядан хүлээж байхад тохиолдох аюул. Харин тэр аюултай нүүр тулахгүйн тулд хэрэггүй бүхнээс татгалзах л хэрэгтэй билээ.
.