Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай хэлэлцээр хийж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасан байна.
Нүүрсний аварга том цахилгаан станцууд ажиллуулж, улс орныхоо ханаж цадашгүй их хэрэглээг хангадаг улс бол Хятад. Тэд хүлэмжийн хийн ялгарлаа багасгахын тулд нүүрсний цахилгаан станц нэмж барихгүй, улмаар жил бүр гурван хувиар бууруулна гэж тооцоолж байна.
Гэтэл эдийн засаг нь хурдтай өсөж буй энэ улсын эрчим хүчний хэрэглээ жилд гурван хувиар нэмэгдсээр л. Тэдний эрчим хүчний хэрэглээ долоон их наяд киловатт/цагт хүрсэн гэсэн тойм дүгнэлт бий. Энэ бол эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт. Мөн Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэлээрээ ч дэлхийд тэргүүлдэг.
Тэд цөмийн цахилгаан станц барьж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангана гэж тооцоолж буйг олон улсын тоймчид дурдаж байгаа. Түүнчлэн гадаадаас эрчим хүч импортлох хэмжээгээ нэмэгдүүлсээр буй билээ.
Хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, гадаадаас импортлох эрчим хүчээ нэмэгдүүлэх Хятадын бодлого манай эрчим хүчний салбарт нөлөөгөө тусгаж эхэллээ. Энэ нь манай улсад нүүрсний аварга том төсөл хэрэгжүүлэх санал тавьснаас харагдав.
Монгол Улс ч эрчим хүч экспортлох сонирхолтой байгаа. Ингээд хөрш хоёрын ашиг сонирхол давхцаж хүрэн нүүрстэй Шивээ-Овоогийн уурхайг түшиглэж, “Шивээ Энержи” цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр манай Эрчим хүчний яам, Хятадын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн хооронд “Шивээ Энержи” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хамтран боловсруулах гэрээнд гарын үсэг зурснаар энэ ажил эрчимжсэн.
Гэрээний дагуу Монгол Улсад Хятад руу цахилгаан эрчим хүч экспортлох зориулалттай аварга том станц барих боломжтой эсэхийг судлах юм. Хятадууд төсөлд шаардлагатай усан хангамж, нүүрсний нөөцийг судалж, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө боловсруулсан.
Ингээд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, 9240 мегаВаттын хүчин чадалтай станц, найман сая килоВатт цахилгаан дамжуулах 800 килоВольтын тогтмол гүйдэлтэй шугам бүхий цогцолбор барихад тохиромжтой гэж үзжээ. Иймээс л энэ төслийг аварга том гэж онцлоод буй хэрэг.
Манай улсын хамгийн том цахилгаан станц “ДЦС-4” 700 мВт-ын хүчин чадалтай. Мөн Монголд дээд тал нь 220 килоВольт цахилгаан дамжуулах шугам л байдаг. Ингэхээр “Шивээ Энержи” төсөл монголчуудад сонин содон байж, сонирхлыг нь татахаас өөр аргагүй.
Харин хятадууд үүнээс том цахилгаан станц барьж, үр ашгийг нь хүртчихсэн улс. Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай цахилгаан станц Хятадад байна. Тэр бол Хөх мөрний Гурван хавцлын усан цахилгаан станц юм. 22500 мВт-ын хүчин чадалтай тус цахилгаан станцыг хятадууд 1994 оноос барьж 2009 оноос бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлжээ.
Энэхүү усан цахилгаан станцыг 180 тэрбум юань буюу 22.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Станц Хятадын хоёр хот, есөн аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг аж.
Нүүрсний цахилгаан станцыг уурхайн аманд барих нь үйлдвэрлэлийн өртгийг үлэмж хэмжээгээр бууруулдаг аж. Иймээс л томоохон станцуудыг уурхайн аман дээр нь байгуулдаг. “Шивээ Энержи” станц нэг кВт цаг эрчим хүчийг дөрвөн центээс бага өртгөөр үйлдвэрлэж байж, Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Станцад өндөр хүчин чадалтай том турбин суурилуулдаг учраас технологи худалдаж авах зардлыг их хэмжээгээр хэмнэдэг аж. Энэ нь ч үйлдвэрлэлийн өртгийг бууруулахад нөлөөлдөг байна. 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцыг барихад нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тойм тооцоо хийсэн.
Үүнээс 20 дахин өндөр хүчин чадалтай “Шивээ Энержи” төслийн хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум ам.доллар шаардагдах нь ТЭЗҮ боловсруулсны дараа тодорхой болно. Ямартай ч “Оюутолгой”, “Тавантолгой”-той дүйх хөрөнгө оруулалттай төсөл болох нь маргашгүй.
Цахилгаан станцыг барьж эхлэхийн өмнө зураг төсөл хийх, хөрөнгө оруулалт татах гээд маш олон ажлыг амжуулах нь дамжиггүй.
“Шивээ-Овоо” компанийн лицензтэй талбай 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь “Шивээ Энержи” станцын хэрэгцээг 80 жил хангах нөөц юм. Монгол Улс нийт 150 тэрбум тонн эрчим хүчний нүүрстэй. Нүүрсээр галладаг цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох нь “хар алт”-аараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж буйтай агаар нэг билээ.
“Шивээ Энержи” төсөл хэрэгжсэнээр монголчууд эрчим хүчний томоохон тоглогч болж тодрон гарч ирэх нь дамжиггүй. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нэгэнтээ “Эрчим хүч Монголын ирээдүй гэдэгт би итгэдэг” гэж хэлсэн юм.