Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд даалгалаа.
Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортьн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн түвшинд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Өдгөө дэлхийн найман хүн тутмын нэг буюу 795 сая хүн (үүнээс 780 саянь хөгжиж буй оронд) хоол хүнсний хомсдолтой 25 хүртэлх насны 216 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай мэдээллийг саяхан болж өнгөрсөн Дэлхийн хоолны өдрөөр мэдээлж байсан.
Харин Монгол Улсын хувьд хүн амын дунд хоол тэжээлийн дутал хоттой харьцуулахад хөдөө, ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд өндөр хувьтай байна. Тухайлбал, бага жинтэй төрөлт 6.9%, тав хүртэлх насны хүүхдийн тураал 7.3%, өсөлт хоцролт буюу хоол тэжээлийн архаг дутал 16.3%, 2-5 насны хүүхдийн дунд цус багадалт 30.7%, өдөрт дөрөв ба түүнээс олон нэр төрлийн хүнс хэрэглэдэг 6-23 сартай хүүхдийн эзлэх хувь баруун бүсэд 26.1%, хангайн бүсэд 50%, төвийн бүсэд 63.5% зүүн бүсэд 23.4%, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт 31%-тай байгаа аж.
Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах арга хэмжээ нь дан ганц эрүүл мэндийн салбарын хүрээнд зохицуулагдах боломжгүй тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангасан өргөн хүрээтэй багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.