“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр Парист алан хядах ажиллагаа болсноор эдийн засгийн асуудлаа хойш тавих төдийгүй “улам бүр өсөн нэмэгдээд байгаа Оросын аюулыг” ч мартахаас аргагүй болгов. Олон улсын хэмжээнийх болоод буй алан хядах ажиллагааны эсрэг хүчин чармайлтаа нэгтгэж, өргөн эвсэл байгуулахыг эртнээс уриалсан Москвагийн хичээл зүтгэл эцэст нь хариултаа авлаа. “Бидний зөв байсныг эмгэнэлт үйл явдал нотоллоо” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлсэн байна.
Энх амгалан Европт энгийн хүмүүс олноор амиа алдсаны дараа л нийтлэг дайсан нь алан хядагчид болохыг улстөрчид сая нэг юм ухаарав бололтой. “Асадыг авч хаях асуудал арагш тавигдлаа. Сирийн удирдагчийн хувь заяаны талаарх санал зөрөлдөөн улам бүр багаслаа” гэж дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэв. Тэрбээр “Исламын улс”-д цохилт өгөх үйл хэрэгт Британи улс нэгдэх ёстой гэдэгт парламентаа, ард түмнээ итгүүлэхээ амлав. Путинтэй саяны даваа гаригт Кэмерон уулзахдаа “Алан хядах явдалтай тэмцэхийн тулд Таны хэлснээр хамтарч ажиллах хэрэгтэй юм байна” гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн онд Австралийн Брисбенд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш эдний хийж буй албан ёсны анхны яриа хөөрөө энэ юм. Сирид Оросын явуулж эхэлсэн байлдааны ажиллагаа ердөө л гал руу тос хийж буй хэрэг. Энэ бүс нутагт энх тайвныг эхлүүлэхэд Сирийн Ерөнхийлөгч Асад л гол саад болж байна гэдгийг Путинд ойлгуулахаар Кэмерон дээд хэмжээний уулзалт руу мордлоо гэж уг нь Британийн хэвлэл тэмдэглэж байв.Синайн хойгт Оросын онгоц сүйрсэн, Парист алан хядах ажиллагаа болсон энэ хоёр эмгэнэлт явдал “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудалд төдийгүй Орос-Британийн харилцаанд нөлөөлөв.
Синайн хойгт Оросын онгоц сүйрсэн шалтгаан нь алан хядах ажиллагаа болохыг Кремль зарлахад бэлэн байгааг Путиний энэ хандлага харуулж байж ч болох юм. Гэхдээ Путинийг Турк руу мордохоос өмнөхөн түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Ямар нэг урьдчилсан таамаг хэлэх нь зохимжгүй” гэж мэдэгдсэн юм. Путин ч “Хэрэв дэлбэрэлт болсон бол онгоцны эд анги болон зорчигчдын эд зүйл дээр заавал ул мөр үлдэх ёстой” гэж “Их 20”-ийн уулзалтын төгсгөлд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлсэн. Сирид Орос, Англи хамтарч ажиллах хэрэгтэй тухайд Путин “Аль хэдийнэ ингэх байсан юм” гэж тэмдэглэсэн байна. “Их 20”-ийн уулзалттай зэрэгцээд Британийн Засгийн газар нэг шийдвэр гаргасан нь алан хядах ажиллагаатай, юуны урьд “Исламын улс”-тай хийх тэмцэлд зарцуулах хөрөнгийг ойрын таван жилд ихээхэн нэмэгдүүлэх тухай байлаа.
Орос, Америкийн харилцаанд ч “тодорхой өөрчлөлт гарлаа” гэж хэлж болно. Владимир Путин, Барак Обама хоёр уулзан ярилцах агшныг буулгасан зургаас үзэхэд тэд бие биенийхээ үгийг сонсоход түвэгтэй байгаа юу гэхээр харагдаж буй. Мэдээллийн агентлагууд ч ийм тайлбар хийсэн. Тэгэхдээ энэ нь шууд утгаараа үнэн бөгөөд тэдний уулзаж буй тэр орчинд шуугиан ихтэй байсан юм билээ. Тэдний яриа хагас цаг орчим үргэлжилсэн. Кремлийн мэдээлснээс үзвэл алан хядахтай тэмцэх тухайд Орос, Америкийн байр суурь маш ойролцоо, харин түүнд баримтлах тактикийн хувьд нэлээд зөрүүтэй байгаа аж. Телевизийн дуранд үлдсэн дүрсээр бол Обама босоод явахад Путин ганцаараа үлдээд бодолхийлэн байгаа харагдсан. Обаматай ярилцсаныхаа дараа Путин жаахан бухимдангуй байсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад Оросын төлөөлөгчдийн гишүүн Светлана Лукаш “Тэр ухаалаг хүн, бодлогоширсон байдал царайд нь илрэх нь цөөнгүй” гэж хариулсан байна. Маргааш нь хоёр Ерөнхийлөгч ихээхэн чөлөөтэй байдалд инээмсэглэн ярилцаж байхыг нь сэтгүүлчид олоод харчихсан нь Лукашийн үг үнэн болохыг нотолсон явдал болсон аж.
Бямба гаригаас нямд шилжих шөнө Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзахдаа Украины асуудлыг ярилцсан байна. Путиний хэлснээр тэдний яриа дажгүй болж. Гэхдээ л амаргүй байсан байж таарна. “Ажлаа хийцгээж л байна уу, одоо амарна биз дээ” гэж Меркель зурагчдад хандаж хэлэхэд хөнгөн атаархал анзаарагдаж байсан аж. Үнэндээ ч Канцлерийг Оросын удирдагчтай ярилцаад дуусахад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнууд хэдийнээ өрөө өрөө рүүгээ орсон байв.Путинтэй яриа өрнүүлсэн Европын өөр нэг түнш нь Италийн Ерөнхий сайд Маттео Ренци. Визний журмыг хоёр талын үндэслэлээр хөнгөвчлөх боломжийн тухай асуудал тун санамсаргүйгээр тэдний ярианы сэдэв болсон байна. Энэ чиглэлд алхам хийхийг Брюсселиэс хүлээлгүйгээр тэд уг асуудлыг хөндсөн гэж Песков тодруулсан аж.Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн төгсгөлд Путин “Украин улсын өрөө төлөх хугацааг нь хойшлуулах төдийгүй Олон улсын валютын сангийн хүссэнээс илүү сайн нөхцлийг бид санал болгосон” гэж хэлсэн нь түүнийг сонсон хүмүүсийн гайхлыг төрүүлэхгүй байж чадсангүй. “Гурван тэрбум ам.долларын төлбөрийг ирэх онд болгож хойшлуулахыг биднээс хүссэн юм. Үүнээс ч илүү боломж олгоход бэлэн гэж би хариулсан. Энэ онд тэднээс ямар ч мөнгө авалгүй ирэх жил нэг тэрбумыг, 2017 онд мөн нэг тэрбумыг, 2018 онд бас нэг тэрбумыг нь авахад ч бид бэлэн” хэмээн Путин тайлбарлажээ. Түүний хэлснээс үзвэл энэ саналаа Обама болон Америкийн Сангийн сайд Жейкоб Льютэй ч ярилцсан аж. Өр төлөгдөх баталгааг чухамхүү америкчуудаас авахыг Орос хүсчээ.
Оростой энхийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурахыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эртнээс шаргуу хөөцөлдөж буй юм. “Улстөрч, Ерөнхий сайдын хувьд ямар ч аргаар болов үүнийг гүйцэлдүүлэхийг би хүснэ” гэж тэрбээр нэг бус удаа мэдэгдэж байсан. “Умардын” гэж нэрлэдэг Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэсэн Курилийн хэлхээ дөрвөн арлыг Оросын газар нутагт хамааруулахыг Япон зөвшөөрдөггүй юм. Бүхний мэдэх энэ шалтгаанаар Дэлхийн II дайны дараа энхийн хэлэлцээр байгуулж чадаагүй билээ. Эдгээр арлын асуудлыг шийдвэрлэхийг Орос улс чин сэтгэлээсээ сонирхож буй гэж Путин нэг бус удаа мэдэгдэхдээ аль ч талынхаа эрх ашгийг хохироохгүй тохиролцоо хийхийн чухлыг тэмдэглэсээр ирсэн. Харин энэ тохиролцоо нь чухам юу болох нь тодорхой бус үлдсэн.
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Абэ хэд хэдэн баримт бичиг Путинд өгч анхаарлыг нь татжээ. Тэрбээр хажууд нь ирж суугаад тэнд юу гэж бичсэнийг тайлбарласан байна. Үүнээс хэдэн цагийн дараа тэдний албан ёсны уулзалт болов. Харин энэ уулзалтыг Оросын Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт эхнээсээ л оруулаагүй байлаа. Тэд урьд нь түүхт ойд зориулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд есдүгээр сард уулзсан юм.Кремлийн мэдээлснээр бол Путин Токиод айлчилж магадгүй ч товыг тохироогүй байгаа. Японы Ерөнхий сайд ч Оросын аль нэг бүс нутагт бас зочилно. Чухам хаана очих нь бас л тодорхойгүй. Курилд очиж ч болзошгүй. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев наймдугаар сард энд очсон. Үүнд Токио ханддагаараа хандаж, Оросын элчин сайдад албан ёсны эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Хамтарсан мэдэгдэл гаргаснаар хоёр өдөр үргэлжилсэн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Алан хядах ажиллагааны эсрэг жинхэнэ эвсэл хэзээ, хэрхэн бий болоход тэд хариулт өгсөнгүй. Путиний бодлоор бол түүнийг байгуулах боломжтой бөгөөд түвэгтэй юм ер байхгүй аж. Улстөрийн түвшинд ч, тусгай байгууллагуудын түвшинд ч хамтын ажиллагааг зохицуулж болно. Гагцхүү өөр хоорондоо идэвхтэй, гар нийлж ажиллах нь л чухал. Одоо бол хэн нь сайн ажиллаж байгаагаа харуулах гэж өрсөлдөх цаг биш гэж Путин үзэж байна.
Сирид Оросын Агаар-сансрын хүчний явуулж буй үйл ажиллагааг шүүмжилсэн үг яриа Антальяд болсон дээд хэмжээний уулзалт дээр бараг гараагүйг Путин тэмдэглэв. Үүний тайлбарыг ч тэрбээр хийжээ. “Та нар буруу газар цохилт өгөөд байна гэж бидэнд хэлээд, бид болохоор хаана цохилт өгөхийг хэлээд өгөөч, байг нэрлээтхээч гээд байхад тэд хэлж өгөхгүй байгаа нөхцөлд биднийг шүүмжлэхэд хэцүү” гэж тэр хэлсэн байна. Ийн хэлж өгөхгүй байгаагийн шалтгааныг ч Путин тодруулж хэлжээ. Цохилт өгч болохгүй газар нутгийг бидэнд хэлж өгөхөөс айж буй нь чухам тэр газар руу нь биднийг цохилт өгчихнө гэж хардсаных. Бидэнд итгэхгүй байна. Энэ нь дэг журмын талаарх өөрсдийнх нь төсөөллөөс үүдэлтэй гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ.
Алан хядагчдын довтолгооноос хэн ч хамгаалагдаагүйг Путин хүлээн зөвшөөрчээ. Асадад ихээхэн хатуу байр суурьтай хандаж ирсэн Францыг тэрбээр үүнд жишээ татсан аж.Хамгийн гол нь Орост хандах Өрнөдийн хандлага бас өөрчлөгдөж буй нь анзаарагдав. “Их 20”-ийн түрүүчийн уулзалтын үеэр гадуурхагдангуй байснаа Путин өөрөө зөвшөөрдөггүй ч, харилцаа хандлага түвэгтэй байсныг, энэ нь мэдрэгдэж байсныг тэрбээр хүлээсэн юм. Шинэ асуудлууд гарч ирсэн, тэднийг дангаар шийдвэрлэхэд хэцүү гэж Путин нэмж хэлсэн байна.