Шинэ өглөөний мэнд. Өнөөдөр олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байгаа юм байна шүү.
Арваннэгдүгээр сарын 18
- Григорийн тооллын жилийн 322 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 43-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -12 градусын хүйтэн байх бол шөнөдөө -18 хэмийн хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 7, булаагч одтой, улаан бич өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй гэнэ. Ялангуяа нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхдээ болгоомжтой хандаарай.
- Ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс буурч 1992 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох юань 313.20 төгрөг, рубль 30.50 төгрөг, вон 1.71 төгрөг болжээ.
- Монгол туулийн гал голомтыг хадгалж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид маань өнөөдөр 11.00-13.00 цагт Богд Хааны Ордон музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран "Монгол туульчид" бэсрэг тоглолтыг хийх гэж байна.
- Нийслэл ирэх оны төсвөө иргэдийн оролцоо, саналтайгаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаад гурав дахь жилдээ нийслэлийн ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцэх хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 10.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно.
- Монголын хүнсчдийн холбооны ээлжит бага хурал 10.00 цагаас Чингис хаан зочид буудалд болно.
- Ажлаа хийж байгаагаар "Шуугиан таригч" кинонд тоглох сонирхолтой сэтгүүлч, хэвлэлийнхнийг 14:00 цагт Чингис зочид буудлын 2 давхарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
- Оюутны эрхийн өдрийг тохиолдуулан МУИС нь Оюутны хөгжлийн жилийг танилцуулах нээлт 11.00 цагт болно. МУИС хичээлийн 1 байр дээр.
- 10 цагаас НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал эхлэх гэнэ. Тус хурлаар олон асуудлыг авч хэлэлцэх нь ээ.
- 15.00 цагт Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингисийн одон”-той, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо МУИС-ийн багш, оюутнуудад “Монголчуудын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл” лекц унших юм байна.
- Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бодлого, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
- 11.00 цагт "Сэлэнгэ" худалдааны төвийн нээлт болно. Сэлэнгэ худалдааны төв ашиглалтад орсноор жилийн 4 улирлын турш эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
- Дэлхий дахинд энэ өдөр: Өнөөдөр Оросын өвлийн өвгөний төрсөн өдөр. Великий Устюгийн төв талбайд Оросын төв сүлд сүлд модыг босгон, гэрэл чимэглэлийг асаан “Сүлд мод асаарай” хэмээн хашгиралддаг бөгөөд энэ мөчөөс Шинэ жилийн уур амьсгал орсныг албан ёсоор мэдэгдэж байгаа гэнэ.
- 1914 - Хагүрояма Масажи, сүмогийн 36 дахь ёкозүна мэндэлжээ.
- 2013 онд НАСА Марс гариг руу туршилтын MAVEN сансрын зондыг хөөргөжээ.
- Оман улсын Үндэсний баяр тохиож байна.
- Домогт Beatles хамтлагийн басс хөгжимчин Paul McCartney-гийн төрсний гэрчилгээ 1990 онд дуудлага худалдаагаар орж, 18 мянган ам.доллараар зарагдаж байжээ.
- 2001 онд дуучин Britney Spears-ийн анхны тв концертыг ABC цацжээ.