Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх талаар прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Г.Шийлэгдамбыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байрнаас уржигдар АТГ-т авчирч байцаалт авсан гэнэ.
Зарим хэвлэлд энэ хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас АТГ-ынхан намын санхүүжилт, ЭМЯ-наас зарласан тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой тайлбар мэдүүлэг авсан хэмээн мэдээлэх болов.
Харин албаны эх сурвалжууд “Олон нийтэд ташаа мэдээлэл хүргэдэг цахим хуудсууд худлаа мэдээлэл цацсан байна лээ. Одоогоор Н.Энхбаяр, Н.Удвал нараас ямар ч мэдүүлэг, тайлбар аваагүй” гэв.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нэгэн компаниас эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох нэрээр их хэмжээний хахууль авсан талаар яамныхан нь дотроосоо мэдээлснээр АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан.
Харин өөрөө уг мөнгийг “Найзынхаа хадгалуулахаар өгсөн мөнгийг өрөөндөө байлгаж байсан” хэмээн тайлбарласан гэдэг.
Г.РАВЖАА