Ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажилд ахиц гарч, гэргий, хэргийн гол гэрч Д.Булганыг тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс 72 цаг саатуулсан байснаа өчигдөр сэжигтнээр тооцон, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай, нууц байдалд хурал хийж, сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорихоор болсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн В хэсэгт хорьж байгаа гэх мэдээлэл ч бидэнд ирлээ.
Мөн уг хэрэгт холбогдуулан Орхон аймгаас авчирч саатуулсан гэх хоёр хүнийг ч үргэлжлүүлэн хорихоор болсон аж.
Ингэхдээ уг хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 81.2-т заасан “Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний амь насыг хохироосон” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон сурагтай.
Дээрх хэргийн хавтас дээр “Маш нууц” гэсэн тамга дарсан учраас мэдээллүүдийг ихэд нууцалж байгаа төдийгүй задруулсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татна хэмээн ажлын хэсгийнхэн “сүржигнэж” байгаа гэнэ. Уг ажлын хэсэг нь хуучнаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байранд байрлан ажиллаж байгаа аж.
Д.ДАЙЧИН