Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ханиад томууны дэгдэлт эрс нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 152 мянга гаруй хүн эмнэлэгт хандан амбулаториор үзүүлсний 7140 нь томуугаар өвчилсөн нь тогтоогджээ.
Томуугийн энэ дэгдэлт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтайг эмч нар хэлж буй. Хоолой барих, гүйлгэх зэрэг давхар хам шинжээр илэрч буй уг ханиадыг богино хугацаанд амьсгал боох аюултай, шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн ч гэх мэдээлэл бий.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулав.
-Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд томуугаар өвчлөөд байна вэ?
-Томуугийн улирал эхэлж байна. Эрс тэс уур амьсгалтай бүсийн орнуудад аравдугаар сарын 1-нээс жилийн улирлын томуу эхэлдэг гэж үздэг. Улсын хэмжээнд томуугийн өвчлөлийн мэдээллийг долоо хоног тутам бид тоолж, хянадаг.
Томуугаар өвчилсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь 0-9 насныхан. Тэгэхээр ийм насны хүүхэдтэй айл, хүүхдийн байгууллага, асрамжийн газрынхан илүү анхааралтай байх хэрэгтэй. Ханиад томуутай холбоотой яаралтай түргэн тусламжийн дуудлага нийт дуудлагын 12 орчим хувийг эзэлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 10.6 хувь нь уушгины хатгалгаатай, ханиад нь хүндэрсэн хүмүүс байгаа юм. Орон нутгийн хувьд томуугийн өвчлөл 3.8 хувьтай байна. Гэвч хэд хэдэн аймагт томуугийн өвчлөл 5-10 хувьд хүрсэн. Үүнээс үзэхэд томуугийн дэгдэлт цаашид удаан үргэлжлэх байх.
-Бага насны хүүхдүүдийн дунд хавсарсан ханиад нэмэгдэж байна гэх юм. Энэ нь шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиад гэсэн үг үү?
-Ханиад томуу үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус бий. Манай төв лабораторийн шинжилгээгээр 10 гаруй төрлийн вирус ялгасан. Түүн дотор томуугийн А хэлбэрийн хоёр, B хэлбэрийн нэг вирус байна. Эдгээрээс гадна үүнтэй төстэй, амьсгалын замын үрэвсэл үүсгэдэг 20-иод вирусийг лабораториор шинжилж, олон нийтэд зарлаж байгаа.
Энэ сард томуугийн А хэлбэрийн H3N2, H1N1 вирус илэрсэн. Томуугийн вирус арванхоёрдугаар сарын дундаас илэрдэг байсан бол сар гаруйн өмнөөс илэрч буй нь томуугийн дэгдэлт удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтайг харуулж байна. Эдгээр вирус нь тодорхой эрхтэн, эд эсийг гэмтээдэг.
Тиймээс томуу туссан хүүхэд суулгах, нүдний салст гэмтэх, толгой, булчин өвдөх шинж тэмдэг давхар илэрч байна. Үүнийг манайхан нүдний ханиад, гэдэсний халдвар гэж нэрлээд байгаа ч үнэндээ эдгээр нь бүгд амьсгалын замаар хадварладаг томуу, томуу төст өвчин юм.
-Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Ханиадыг хүндрүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Хүчтэй эм гэхээс илүү урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг хэрэгжүүл. Даарч хөрснөөс ханиад хүрэх нь элбэг учраас хүүхдээ аль болох дааруулахгүй, дулаан байлгаж, хоол ундны илчлэг чанарыг бууруулж болохгүй.
Хүний биед уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис орж байж, дархлаа бүрддэг. Мөн гэр орон, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхэд байгаа газарт хоёр цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулах хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийснээр элдэв тоос, нянгаас үр хүүхдээ хамгаалж чадна.
Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, зөвлөгөөний дагуу хүүхдээ гэртээ сайн асрах хэрэгтэй. Мөн хүүхдийг содатай усаар утах нь томуугийн хорыг гадагшлуулдаг. Томууг хүндрүүлэхгүй байвал 3-5 хоногт эдгэнэ.
-Томуугаас сэргийлэх вакцин тарьж байгаа юу?
-Томуугаас сэргийлэх өвөрмөц арга нь вакцин. Бид томуугаас ялгасан вирусээ олон улсын лабораторид явуулж шинжлүүлдэг. Тэнд судлаад Монголд ийм төрлийн вирус эргэлтэд орж, хүн амыг нь өвчлүүлж байгаа юм байна гэж бүртгэж аван, ялгасан вирусийг хадгалдаг. Ингээд хүмүүсийн дунд түгээмэл тархсан вирусийг ялган, вакцин үйлдвэрлэдэг компанид шилжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, лабораторийн шинжилгээгээр илэрсэн гол зонхилж буй вирусээр вакцин хийдэг гэсэн үг. Энэ жил бид А хэлбэрийн H3N2, H1N1 болон B хэлбэрийн вирусээр бүтээсэн вакциныг аравдугаар сарын 7-ноос эхлэн 45 мянган хүнд тарьсан. Үүний тал хувийг хүүхдэд хийсэн.
Хүүхдүүдэд одоо хоёр дахь тунг нь хийж байна. Вакцин хийлгэснээс хойш 14-30 хоногт дархлаа тогтож, жилийн хугацаанд эдгээр гурван төрлийн вирусээр үүсгэгдэх ханиаднаас бүрэн сэргийлж чадна. Хувийн эмнэлэг, эмийн сангуудаар ханиадны эсрэг вакцин худалдаж байгаа.
-Вакцин тариулчихаад байхад ханиад хүрлээ гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ вакцин нь А хэлбэрийн H3N2, H1N1 болон B хэлбэрийн вирусээс өөр хэлбэрийн вирусээр үүссэн ханиадыг дарангуйлж чадахгүй.
Ч.БОЛОРТУЯА