Хятад иргэд Замын-Үүдийн хилээр эртний эдлэл гаргахаар завдсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт хоёр гарчээ. Эхнийх нь энэ сарын 11-нд гарсан бөгөөд БНХАУ-ын иргэн Ван овогт нэгэн эр түүхийн дурсгалт зүйл байж болзошгүй 24 эдлэл авч гарах гэж байгаад гаалийнханд баригдсан аж.
Түүний тээшинд загас болон яст мэлхий хэлбэртэй хоёр цоож, хуйлаастай мөн тооны зарлиг, зааны дүрс бүхий бариултай, дугуй хэлбэртэй тамга, ёншгойт хэмээх хятад зоос зэрэг зүйлс байжээ.
Үүнээс дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 15-нд мөн БНХАУ-ын иргэн В гэгч түүхийн дурсгалт зүйл болох 11 эдлэл хил гаргахыг завджээ. Тэрбээр эртний эдлэлээ чемоданд хийн, сууж явсан автомашиныхаа тээшинд орхисон байсныг гаалийн байцаагчид илрүүлсэн байна.
Чемоданд хар цаасан дээр есөн эрдэнээр барлан бүтээсэн, хуучны шар торгон баринтагтай 489 хуудас эртний судар, найман см өндөр гүнгэрваатай бурхан, мөнгөн оройтой, алт болон мөнгөн утсаар ширлэсэн залаатай ноёны малгай, мөнгөн очир, урт бүстэй гурван дамар, мөнгөн цөгц, гуулин бурхад байсан аж. Тэд дээрх эд зүйлсийг эртний эдлэлийн дэлгүүрээс худалдаж авсан гэж тайлбарласан байна.
Хэргийн талаар Замын-Үүдийн Гаалийн газрын Зөрчлийн албаны байцаагчаас тодруулахад “Энэ хоёр хэрэг дөрвөн өдрийн зайтай гарсан. Хоёулаа гэмт хэргийн шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Эртний эдлэлийн дотор энгийн зүйлс ч байж болдог юм билээ. Тухайн эдлэлүүдийн үнэлгээ, бүтээсэн хугацааг нь хуулийн байгууллагынхан шалгалтын явцад тогтооно” гэсэн юм.
Эртний эдлэл зардаг дэлгүүрийнхнээс дээрх эдлэлийн заримынх нь үнийг тодруулахад “Мөнгөн цөгц 150-200 мянга, дамар 200-300 мянган төгрөг, жинхэнэ ёншгойт 180 мянган төгрөгийн ханштай байдаг. Бид худалдахдаа энэ үнэ дээр 20-50 мянган төгрөг нэмдэг” гэв.
Ихэнх дэлгүүрүүд шаазан эдлэл, цөгц, хөөрөг, эмэгтэй хүний толгойн гоёл зэрэг зүйлсийг л авдаг ажээ. Дээрх судар болон малгайг тэр бүр худалдаггүй бөгөөд хийц, металлын орцоосоо хамаараад 10 сая төгрөгийн дотор үнэ нь хэлбэлздэг гэнэ.
Г.БАЯРЦЭЦЭГ