“Ээж ээ, та намайг эрүүл төрүүлэхгүй яагаа вэ? Ингэж өвдөж амьдарч байснаас үхчихмээр байна” хэмээн асуухад миний өр эмтрэх шиг болдог хэмээн нэгэн эх нүдэндээ нулимстай сууна.
Сүүлийн жилүүдэд эмч нарын буруутай үйлдэл, хариуцлагагүй байдлаас болж эрдэнэт хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Нэг нь алдаа гаргаж, нөгөө нь золиос болсоор өдгөө эмч нарын буруутай үйлдлээс гэх тодотголтой осол тоогоо алдахад хүрээд байна. Эдгээрийн дийлэнх нь төрөхийн алдаа эндэгдлээс болдог. Үүний нэгэн хохирогч болох А.Жавхлан гэх хүүгийн ээж сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Зарын дагуу хүлээж суухад хүүгээ хөтлөн Н.Эрдэнэчимэг орж ирэхэд хүү нь өвчиндөө зовуурлан минут тутамд тасралтгүй “ёо, ёо, ёо” хэмээн ёолж байлаа.
13 настай А.Жавхлан хүүгийн хувьд төрөхдөө тархины гэмтэл авч цус харвасан аж. Тодруулбал, 2002 онд Дархан-Уул аймгийн Төрөх эмнэлгийн эмч нар хийсвэрээр төрүүлэх шаардлагатай байхад эхийг өөрөөр нь төрүүлж, хүүгийн толгойг хавчиж гаргаж ирснээс болж хүзүүг нь гэмтээж, тархиндаа цус харвасан байна. Ингэснээр толгойн усжилт үүсжээ. Улмаар ЭХЭМҮТ рүү шилжүүлж, тэнд сар гарангийн хугацаанд эмчлүүлэхэд хагалгаа хийхээс өөр ямар ч эмчилгээ үр дүнгүй болсон аж. Өөрөөр хэлбэл, тархинд нь шунт буюу гуурс тавихгүй л бол хүү амьд гарахгүй гэж хэлснээс болж хоёр шунт тавиулжээ. Тэр үедээ шунт тавихад нэг сая 500 мянган төгрөгийн үнэтэй байж. Тавиулсны дараа найман нас хүртлээ гайгүй явж байсан ч гэнэт толгой нь маш хүчтэй өвдөж эхэлсэн. Энгийн өвчин намдаах эм, тариа үйлчлэхгүй 15-16 хоног морфин тариулсны эцэст Монгол эмчлэгдэхгүй гэх онош гарсан байна. Тиймээс 40-50 сая төгрөгийн зардлаар Тайландын “Bumrungrad” эмнэлгийг зорьж хагалгаа хийлгэсэн нь амжилттай болсон аж. Гэтэл дөрвөн жилийн дараа өвчин нь дахин сэдэрчээ.
Ээж Н.Эрдэнэчимэг: Хүү минь надаас морфин нэхэх нь холгүй байна
Тайландад хийлгэсэн шунт 4-5 жилийн хугацаатай юм билээ. Эсвэл хүүхэд өөрөө үсэрч харайх, олон хүн цугласан шуугиантай газарт байх, гуурс нь байх ёстой газраасаа хөндийрөх зэрэг олон шалтгаанаас болж хагалгаа үр дүнгүй болдог. Бидэнд дахин Тайланд явж хагалгаа хийлгэх боломжгүй байсан учраас өнгөрсөн жил Монголдоо хагалгаанд орсон ч төдийлөн сайн үр дүнгээ өгөөгүй. Миний хүү шиг гуурстай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд халуун газар, олон хүүхэд шуугисан газарт байж чадахгүй учраас заавал асран халамжлагчтай байх шаардлагатай. Тиймээс нөхөр бид хоёрын аль нэг нь ажлаасаа гарах хэрэгтэй болсон. Мөн энгийн сургуульд сургах гэхээр заавал цэцэрлэгт нэг жил явсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээд цэцэрлэгт өгөх гэхээр хүүхэд санамсаргүй толгой руу нь цохичихвол хариуцлага хүлээхгүй гээд хүүг минь хүлээж авдаггүй. Тиймээс хувийн сургуульд сургах шаардлагатай болсон. Уг нь хүү минь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч ой ухаан саруул, хүний хэлснийг сайн ойлгодог, ой тогтоол ч сайтай. Гэхдээ өвчин намдаах эм тариаг чихэр шиг хэрэглэснээр юмыг амархан мартдаг болчихсон. Бас өдөрт 5-6 удаа татаж унадаг байсан бол маш хүчтэй тариа хийлгэснээр гайгүй болсон. Хэрэглэж буй эм тариа нь маш өндөр үнэтэй. Бид ганцхан хүний цалингаар хүчирдэггүй. Тиймээс төр засгаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ анхаарч үзээсэй. Европын орнуудад энэ төрлийн өвчнийг бүрэн анагааж чаддаг юм билээ. Гэхдээ маш өндөр үнэтэй. Тиймээс Монголынхоо сайхан сэтгэлт түмнээсээ хүүд минь туслаач ээ гэж гуйж байна
Хандивын данс: 5068271342