Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгааны үеэр тог тасарвал ихээхэн хүндрэл учирдаг гэх мэдээлэл зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаад байгаа билээ. Тус мэдээлэлд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт зориулалтын цахилгаан эх үүсвэр байдаггүй. Дизель генератор гэх эрчим хүчний хэрэгцээг тог тасарсан үед хангах зориулалттай хэрэгслийг хондо мотороор орлуулдаг ч ачааллаа дийлдэггүй гэсэн юм.
Харин бид үүнийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ариунаагаас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Өчигдөр манай орон нутгийн Архангай телевизэд нэр хаяггүй ийм санал ирсэн юм билээ. Учрыг нь сайн тодруулаагүй байж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацсан байсан. Дизель генератор гэх хэрэгслийг одоо үед бараг ашиглахаа больсон. Оронд нь таван хондо мотороор бид цахилгааны эх үүсвэрээ бүрдүүлдэг. Энэ нь ч хангалттай байдаг. Тэглээ ч манай аймагт тог тэр бүр тасраад байдаггүй” гэсэн юм.