Элэгний С вирусийн эм “Харвони” нөгөөдөр гэхэд ирнэ гэж холбогдох албаныхан хэллээ. Энэ жил 1600 хүн (4800 фл буюу нэг курс нь гурван фл)-ийг уг эмчилгээнд хамруулах бол 2016 онд 6400 хүнд хүрэлцэхүйц эм импортлох төлөвтэй байна. Курс эмийн үнэ (Нэг сарынх нь 28 ширхэг, нэг хайрцаг бөгөөд гурван сар ууж байж курс болох юм) 1200 ам.доллар тул ирэх онд монголчууд 7.6 сая доллар буюу 15.3 тэрбум төгрөгийг С вирусийн эмэнд зарцуулах тооцоо гарчээ. “Иргэд эмийн үнийн ядаж 30 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахыг хүсэж байна. Энэ нь 4.6 тэрбум төгрөг болж байгаа. Улс халдвараа тараасан юм чинь хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг” гэж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хэлсэн.
С вирусийн шинжилгээг итгэмжлэгдсэн улс болон хувийн 10 лабораторид хийж байгаа. “Харвони” эмийг 22 эмийн сангаар худалдах юм. Өөр эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй, өдөрт нэг ширхгийг ууна. АНУ-ын “Гелайд сайнс” компанийнхан хоёр дахь нийлүүлэлтээ ирэх оны хоёрдугаар сард хийхдээ 2000 хүн тунг өгнө хэмээн мэдэгдээд байгаа. Гэхдээ шаардлагатай бол эмийн тоог нэмэх боломжтой аж.
Дашрамд дурдахад, элэгний В вирустэй иргэд дэлхий дахинд хэрэглэж буй “Тенофовир” эмийг “Амьжиргаа” төслийн хүрээнд хямд үнээр авах боломж бүрдээд байгаа. Эхний ээлжинд үүнийг 5000 хүнд өгөх юм байна. Манай улсын нийт хүн амын 10 хувь нь В вирустэй аж.