Тайландын нийслэл Бангкок хотод өнөөдөр эхэлсэн дэлхийн манлайлагч залуучуудын “One young World” буюу “Нэг залуу дэлхий” хэмээх олон улсын хуралд Монголыг төлөөлж З.Лайла шалгаран оролцож байгаа аж. Энэ арга хэмжээнд нийтдээ 196 орны залуус оролцож байгаа бөгөөд тэд хувийн пүүс компаниуд, төрийн бус байгууллага, их, дээд сургуулиуд гэх мэт олон салбарыг төлөөлж буй юм байна. Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Бангкокт цугласан 18-30 насны залуус өдгөө дэлхий нийтэд хамгийн их тулгамдсан асуудлуудын талаар мэтгэлцэж, шинэлэг шийдвэрүүд боловсруулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан, Нобелийн Энхтайвны шагналт Мохамед Юнус, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон тэргүүтэй алдартнуудтай санал бодлоо хуваалцах гэнэ.
Дөрөв хоног үргэлжлэх “One young World” хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар удахгүй Парист болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж буйгаа онцлог юм байна. Үүнтэй холбогдуулан оролцогч бүр өөрийн орны Төрийн тэргүүндээ хандан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалж үг хэлэх бөгөөд төлөөлөгчдийн уриалгыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах аж. Энэхүү хуралд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарч, бүтэн тэтгэлэг хүртсэн З.Лайла ч мөн адил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалж үг хэлнэ. Түүний үгийг төр засагт болоод түмэн олон түмэнд хүргэхийг хүссэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Их Британид байрлах Эленор Фордерын сантай eleanor.forder@wearesevenhills.com хаягаар холбогдож болох юм байна.