Монгол Улс энэ онд уул уурхайн салбараас 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсоны 48 хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлнэ гэж үзсэн. Тэгвэл экспортын гол “тоглогч” зэсийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн зургаан жил гаруйн доод түвшиндээ хүрлээ. Лондоны металлын биржид өчигдөр тонн зэс 4700 ам.доллараар үнэлэгдэж байв. Энэ бол 2011 онд тонн зэсийн ханш 10.160 “ногоон” байсантай харьцуулахад даруй 55 орчим хувиар доошилсон үнэлгээ юм. Тэгвэл яг нэг жилийн өмнө олон улсын зах зээлд тонн зэс 6695 ам.доллараар үнэлэгдэж байлаа.
Манай улс 1-10 дугаар сард 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолсон дүн бий. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар давсан дүн. Харин уг таваарын экспортын орлого дээрх хугацаанд 1.8 тэрбум ам.долларт хүрсэн ч 2014 оны мөн үеэс 43 саяар багассан үзүүлэлт юм байна. Тэгэхээр төсвийн орлого тасрах хэмжээ улам нэмэгдэх нь.
Парист халдлага гарсан нь найдвартайд тооцогддог алтны эрэлтийг нэмэгдүүлсэн бол зэсийн үнэд ийнхүү эсрэгээр нөлөөлжээ. Бас ам.долларын ханш чангарч, хамгийн том худалдан авагч урд хөршийн (нийт хэрэглээний 45 гаруй хувь нь ногддог) эрэлт буурах төлөвтэй байгаа нь зэсийн ханш буурахад хүргэсэн талаар “Reuters”, “The Wall Street Journal”, “Financial Times” зэрэг мэдээллийн хэрэгсэл уламжлав. АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх сард бодлогын хүүгээ нэмж магадгүй байгаа нь мөн нөлөөлж буй юм байна. Ер нь аж үйлдвэрийн тавааруудын үнийн тухайд “хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй” байгааг шинжээчид тэмдэглэсэн байна.
Нөгөөтэйгүүр, энэ онд 349.000, ирэх жил 177.000 тонн зэсийн илүүдэл бий болох тооцоо гарсан аж. Оюутолгойтой өрсөлдөгч гэж болох таван ч томоохон уурхай 2016, 2017 онд олборлолт эхлүүлж, эсвэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг “Goldman Sachs” дурджээ. Тэгэхээр цаашид уг таваарын үнэ хэрхэх бол? “Goldman Sachs”-ын тооцоолж буйгаар энэ оны эцэст тонн зэс 4800, харин ирэх жилийн төгсгөлд 4500 ам.доллартай тэнцэх төлөвтэй гэнэ. 2017-2018 онд шаргал металлын үнэ өсөхгүй гэдэгт олонх шинжээч санал нэгдсэн агаад зарим нь тонн зэс ирэх оны эхээр 5000 ам.доллараас доошлон, жилийн эцэст 4250-4500-д хүрнэ хэмээн таамаглаж буй. Ирэх оны төсөвт тонн зэсийн үнийг 5130 гаруй ам.доллар хэмээн тооцсон нь бас л байгаа оноогүй бололтой. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байсан нүүрс нүүрээ буруулсан шиг зэс бас биднийг гомдоож магадгүй нь.
Ц.Болормаа