Сонголтод суурилсан, аюулгүй, чанартай эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох үүрэгтэй ЭМСЯ-ныхан толгойгоо алдчихаж. Яана даа. Сайдыг нь их хэмжээний хахууль авсан хэргээр Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаад удаагүй байтал Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг мөн цагдан хориод байгаа.
Ингээд ч асуудал шийдэгдсэнгүй. Г.Шийлэгдамба салбараа “самарч” хаячихаад суудлаа өгөөд л болоо юу. Тэрбээр сайд болуутаа өмнөх сайд нарын жишгээр яамныхаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийн багийг бүрдүүлсэн гэлцдэг.
Сурснаараа яамандаа л эр бяраа гаргана биз. Эмнэлгүүдэд юунд гар дүрэв. Улсын хамгийн том хоёр эмнэлэг даргагүй байхад тоож байгаа хүн байхгүй нь бүр ч хачирхалтай.
Их хэмжээний мөнгө эргэлддэг гэх ГССҮТ, ХӨСҮТ-ийн захирлыг Г.Шийлэгөөрийн хүмүүсээ шургуулсан талаар тухайн үед хэвлэлүүдээр бичиж байв. Тодруулбал, Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд сайдын зөвлөлийн хурлаараа ГССҮТ-ийн захирал З.Мэндсайханыг оруулж, хийсэн ажилд нь 67.7 хувь буюу D үнэлгээ өгөөд, албан тушаалаас нь албадан шахаж эхэлсэн.
Аргагүй байдалд орсон З.Мэндсайхан халагдах өргөдөлдөө “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж, цаашид тэвчих аргагүй болж байгаа тул ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байсан.
Гэмтлийн эмнэлэг “толгойгүй” болж, урьдын адил түр орлон гүйцэтгэгчээр удирдуулаад удаагүй байтал ХӨСҮТ-ийн захирал Т.Нямхүүг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн. Тэрбээр мөн Г.Шийлэгдамба сайдын энэ үйлдлийг эсэргүүцэж, ярилцлага хүртэл өгч байв.
Жилд 88 мянган хүнд яаралтай тусламж үзүүлдэг, 17 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг ГССҮТ, улсын хэмжээнд халдварт өвчинтэй холбоотой бүхий л асуудлыг судалдаг, эмчилдэг, эмч, боловсон хүчин бэлтгэдэг гол бааз ХӨСҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яагаад явуулахгүй байна вэ.
ЭМСЯ-ныхнаас ингэж асуухаар “Сайдгүй байхад юун эмнэлгийн даргыг томилох. Одоо наад асуудлыг чинь ярих хүн алга” гэх юм. Уг нь эмнэлгүүдийн захирлуудыг хэзээ, хэрхэн томилохыг ЭМСЯ-ны Төрийн албаны салбар зөвлөл мэдэх учиртай. Гэтэл тэд хоёр эмнэлгийн даргыг томилох тухай бодох ч сөхөөгүй яваа бололтой.
Төрийн албаны зөвлөлөөс энэ талаар тодруулахад “Бид зарласан сонгон шалгаруулалтад нь хяналт тавина уу гэхээс эмнэлэг, сургуулийн захирлуудыг томилох эрхгүй” гэсэн юм. Харин яамныхан сайд байхгүй гээд хөлөө жийгээд суучихаж. Эрх хүүхэд шиг. Халдварт өвчин, осол гэмтэл гаарсаар байдаг. Хариуцсан хоёр эмнэлэг нь “толгойгүй” хэр удах юм бол доо.
Б.ОРГИЛ