БСШУЯ, Монголын Соёлын өвийн төв хамтран хэрэгжүүлсэн “Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн сануулах нь” төсөлд хамрагдсан туульч багш, шавь нарын уулзалт болж өндөрлөлөө.
Монгол туулийн уламжлалыг хойч үедээ уламжлуулах, тууль өвлөгчийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гэрээ байгуулан ажилласан есөн туульч хоёр жилийн хугацаанд 100 хүнд эл хосгүй өвийг өвлүүлсэн нь бахархалт явдал байв.
Уулзалтын эхний өдөр туульч багш нар шавь сургалтынхаа үр дүнг танилцуулж, монгол туулийн өнөөгийн байдлыг үнэлэн дүгнэж, цаашид хэрхэн түгээн дэлгэрүүлэх тухай ярилцсан бол өчигдөр буюу уулзалтын хоёр дахь өдөр залуу туульчид сурсан мэдсэнээ тайлагнаж Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд тууль хайлсан юм.
“Суурин соёл иргэншлийн нөлөөгөөр аман билгийн төрөл болох тууль устаж мөхөх эрсдэлтэй нүүр тулаад буй энэ үед уг арга хэмжээг зохион байгуулж буй нь цагаа олсон үйл явдал байлаа” хэмээн туульчдын эгнээ залуу авьяастнуудаар бэхжиж буйд сонсогчид сэтгэл хангалуун байв.
Тэд тууль судлаач, эрдэмтэд “Анхлан суралцагч, залуу туульчдад нэн тохиромжтой” хэмээн тодорхойлсон “Нарангэрэл хаан”, “Агай улаан хаан”, “Аргил цагаан өвгөн”, “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго” зэрэг зөөлөн буюу бэсрэг туулиудыг морин хуур, икэл, товшуур хөгжмийн аялгуунд хайлж сонирхуулсан юм.
Өргөөнд хурсан олны сонирхлыг татаж байсан зүйл нь шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Катуу нар тухайн туульд дүрслэгдэж буй үйл явдал, үг хэллэгийн утга учрыг тайлбарласан. Монгол оронд 200 гаруй туульч, 300 гаруй тууль бий гэдэг ч эдгээрээс өдгөө 20-иодыг нь хайлдаг аж.
Ж.СУВДМАА