“Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагынхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн асуудлыг олон нийтэд хандуулах зорилгоор зургаан сарын аян эхлүүлэв. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-хамтдаа” зорилтот аянд нэгдэгсэд 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл энэ өвчинтэй холбоотой мэдээ мэдээллийг өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүкээрээ дамжуулан бусдад түгээх юм.
Аутизм нь нийгэм болон бусадтай харилцах чадваргүй, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг эмгэг юм. Аутизмын эмгэгийн хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс гаргасан (2014 он) судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай болохыг тогтоожээ. Ийм өвчтэй хөвгүүд охидоос тав дахин олон байдаг аж. Судалгаагаар тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй гэж үзвэл Монгол Улсад 18 мянга орчим хүн ийм өвчтэй байх магадлалтай. Гэсэн ч олон нийтийн дунд энэ талаарх мэдээлэл хомс, эрүүл мэндийн болон боловсролын салбарт үүнийг бүрэн оношлох эмч, тэдэнтэй ажиллах багш алга.
“Аутизм Монгол анд” 2012 онд байгуулагдаж, өдгөө сургалтын төв, тусгай цэцэрлэг, “Аутизм Монголиа-Volunteer” сайн дурын ажилтнуудын клуб ажиллуулж байна.