Цардмал замд хүлээн зөвшөөрөх ёстой зүйлс, зайлшгүй тавих шаардлагатай үзүүлэлтийн талаар Японы Авто замчдын холбооны мэргэжилтнүүд мэддэг, чаддаг бүхнээ манайханд хэлж, зөвлөж байна. Чанар, технологи гэдэг зүйлийг юухан дээр ч эцэст нь хүртэл хийж чаддаг тэд зам, гүүр тавихдаа дуу чимээний үзүүлэлт, нэвчих усны хэмжээ гэсэн хоёр хүчин зүйлийг нэгэн зэрэг шийдсэн шинэ технологийнхоо тухай энэ удаа танилцууллаа. Авто зам дээрх дуу чимээг дөрвөн герцээр бууруулахын зэрэгцээ борооны ус хамгийн бага нэвчүүлдэг “увдистай” асфальтан хучилтын тухай илтгэл сонсоод манайхны чих дэлдийв.
Энэ өдрүүдэд Улаанбаатарт болж буй “Авто замын салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, норм стандарт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт “Сейкитокюү Кооюү” компанийн захирал Оошима Ёшихитогийн тавьсан илтгэл анхаарал татлаа. Хучилтын чанарыг сайжруулж, зам тавих хугацааг богиносгох боломжийн тухай ярьсан тэрбээр юуны өмнө ажлаа маш сайн төлөвлөж, тэр дагуу бэлтгэлээ базаах хэрэгтэйг монголчуудад зөвлөсөн. Байгаль цаг уур, улирлын онцлогт хавчигдан үйл ажиллагаа явуулдаг манай зам, барилгын салбарынхан “бушуу туулай борвиндоо баастай” гэгч болчих гээд байдаг. Оошима Ёшихито ч үүнийг хэлэв. Тэрбээр “Цаг хугацаа хэмнэх нь чухал ч гэлээ хамгийн гол нь чанар. Жишээ нь, асфальтан хольцныхоо температурт сайн анхаарах хэрэгтэй. Миний сонссоноор монголчууд хольцоо нэмэх 80-100 градуст зуурдаг гэсэн. Гэтэл Монгол орон ерөнхийдөө хүйтэн, сэрүүн уур амьсгалтай учраас тээвэрлэлтийн зай, хугацаагаа тооцоод хольцоо 100-120 градуст зуурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрсөн асфальтаар замаа хэчнээн зузаан хучаад ч нэмэргүй. Ийм асфальт эргээд их амархан хууларч, ховхордог” хэмээсэн.