Хүүхэд зам, тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж буйг Замын цагдаагийн газраас мэдээлэв. Уржигдар л гэхэд зургаан хүүхэд осолд өртсөний дөрөв нь сургуулийн насных аж. 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх болон багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд осолд өртсөөр байгаа юм. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргалаас тодруулахад “Хүүхэд авто осолд өртөх нь нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш нараас их шалтгаалж байна. Авто ослыг хэрэг бүртгэлийн явцад шалгаад эцэг эх юм уу, багш нарын буруу байвал холбогдох хүнийг нь хуулийн дагуу 192.000 төгрөгөөр торгоно. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хуулиа мэдсээр байж бага ангийн хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсаар байна” гэв.
Зам тээврийн ослоор уржигдар нэг хүн нас барж, 14 хүн гэмтжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонсголонгийн замд “Соната” маркийн автомашин замын хажуу унаж, зорчигч 41 настай эрэгтэй Т нас баржээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн 16 дугаар хорооны байрны хойд замд “Тоёота витз” маркийн автомашины жолооч Б явган зорчигч долоон настай хүүг мөргөж гэмтээжээ.
Ч.Туяа