Одоогоос жил гаруйн өмнө хуучин “Нарны титэм” худалдааны төвийн суурин дээр барьж буй “Макс” группын барилгаас төмөр унаж, 36 настай Б-гийн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Барилгаас унасан төмөр талийгаачийн толгойг нэвт сүлбэсний улмаас тархи нь задарч нас барсан юм. Энэ мэтээр Төв шуудангийн урдах барилгаас унасан төмөр автобусны дээврийг цоолж, зоогдсон гээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хэрэг нэлээд гарсан.
Тэгвэл өнөөдөр Монголын хүүхдийн ордноос Төв номын сан руу явах замд барьж буй “Мастер инженеринг” ХХК-ийн барилгаас төмөр унажээ. Уг барилга авто замаас тавхан алхмын зайтай учраас төмөр труба замын хөдөлгөөнд оролцож байсан “Тоёото чэзер” маркийн суудлын машин дээр унаж, урд хамарт нь зоогдсон байна. Осол гарах үед машинд Г болон түүний дөрөвдүгээр ангийн охин явж байжээ. Хэрэв жолооч 50 орчим см л урагшилсан бол тэрхүү төмөр охины дээрээс унахаар байсан аж.
Болсон явдлын талаар хохирогч Г “Төмөр труба 15 дугаар давхраас унасан гэсэн. Тухайн барилга дээр ажиллаж байсан залуу цэвэрлэгээ хийж байгаад төмрийг алдсан гэж байна лээ. Жаахан л урагшилсан бол тэр төмөр охиныг минь бэртээх байлаа. Охины минь заяа түшлээ” гэсэн юм.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд өнөөдөр 13.30 цагийн үед тухайн барилгын ажилчин болох эрэгтэй, эмэгтэй хоёр мэдүүлэг өгөхөөр тэнд очсон байлаа. Тэд “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй” гэсэн юм. Харин цагдаагийн ажилтанд өгсөн мэдүүлэгтээ “Трубаг зөөж байгаа алдчихсан” гэж ярьжээ.
Г.Цэцэг