Хэдэн жилийн өмнө Опра Уинфри шоугаар эзнийхээ амийг аварсан ротвиллер үүлдрийн нохойны тухай гарч байсан. Тэгвэл энэ ухаант “найз”-ын баатарлаг үйлс Монголд ч үргэлжилжээ.
Энэ сарын 16-нд хөгжилтэй дурсамжтай хуваалцдаг фэйсбүүкийн нэгэн группт О.Хишигсайхан охин нохойныхоо тухай бичжээ. Тэрбээр “Би нохойгоо дандаа хошуувчтай салхилуулдаг. Сая бид хоёр (нохой нь энэ гэр бүлийн нэг гишүүн юм) салхилж явтал байрны харанхуй буланд нэг залуу жаахан хүүхэдтэй бүсгүйг зодоод, харааж, зүхээд, үсдээд чирсэн. Бүсгүй чадлаараа орилж, согтуу залуу түүн рүү дайрч байхад хүмүүс гайхсан байдалтай хараад өнгөрч байсан. Тэгтэл манай нохой хуцаад, тэдэн рүү зүтгээд би гараасаа нохойгоо алдчихсан. Нохой маань гүйж очоод шууд нөгөө залуу руу үсрээд дарж аваад архирсан. Намайг гүйж очоод нохойгоо авахад тэр залуу айгаад зугтсан. Би тэр эгчийг хүүтэй нь гэрт нь оруулж өглөө. Бид хоёрт баярлаад, нохойг маань ноолж ноолж л орлоо” хэмээн бичсэн байна. Түүний нийтлэлийг 10 гаруй мянган хүн таашааж, 200 гаруй түгээлт хийж, олон сэтгэгдэл бичжээ.
Бид О.Хишигсайхантай холбогдож, нохойных нь талаар тодруулсан юм. Маршал хочтой энэ нохой ой хоёр сартай аж. Хэвт, суу, боль зэрэг командыг маш сайн ойлгодог энэ “залуу” их ухаантай гэнэ. Эзнээ үргэлж хамгаалж, бараг л нөхөр шиг нь байдаг бололтой. О.Хишигсайхан өдгөө “Их засаг” их сургуулийн Театрын урлагийн сургуулийн гуравдугаар дамжаанд сурдаг.
Ротвиллер үүлдрийн нохойг хамгаалалтын чиглэлээр сургасан байдаг бөгөөд түүний араас добрмен, овчарк бичигддэг аж.