БНХАУ-ын төмөр замын корпораци, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Францын үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц гэсэн шууд галт тэрэг аялуулж эхэллээ. Өмнө нь Бээжин-Москва чиглэлийн галт тэрэг манай улсаар дайран өнгөрдөг байсан юм. Өнөөдөр 15.15 цагт уг галт тэрэг Улаанбаатарт ирж, анхны зорчигчдод зориулсан арга хэмжээ Төмөр замын төв буудал дээр хагас цаг үргэлжилж 15.45 цагт хөдөлжээ.
Энэ галт тэргээр зорчих тасалбарын үнэ тодорхой болоогүй бөгөөд өнөөдөр Улаанбаатараас Парис чиглэлд суусан хоёр зорчигч нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнууд аж. Тэд Францад болох төмөр замчдын олон улсын хуралд оролцохоор яваа юм билээ.
Бээжин-Улаанбаатар-Парис чиглэлийн галт тэрэг энэ сарын 21-нд Эрхүүд очих бөгөөд нийтдээ ес хоног аялж зорьсон газраа очих юм.