Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат, үнэлгээний байцаагч Насанжаргал, Ганзориг, Дөлгөөн, Эрдэнэбаатар нарыг АТГ-аас хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогдуулан уржигдар оройноос шалгаж эхэллээ.
“Аварга загас”-нуудыг илрүүлдэг болоод байгаа АТГ-ын торонд орсон эдгээр “жараахай”-г анзаарах болсон нь Ч.Насанбат нь ГЕГ-ын даргын садан төрөл гэдэгт байгаа юм. О.Ганбат ГЕГ-ын даргаар хоёр удаа томилогдсон хүн.
Тэрбээр энэ албан тушаалд анх ирснийхээ дараахан Ч.Насанбатыг ГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьжээ. Харин гурван сарын өмнө гаалийн ажилтнуудыг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Ч.Насанбатыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон аж.
Харин одоо энэ хүн дээрх дөрвөн залуутай хамжин Монгол Улсын хилээр оруулж ирсэн их хэмжээний тавилгад гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийж өгсөн хэрэгт холбогдоод байгаа гэнэ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээс үзвэл энэ хэрэгт Насанжаргал, Ганзориг, Дөлгөөн, Эрдэнэбаатар нар холбогдолгүй, Ч.Насанбатын хөлд чирэгдсэн бололтой. Энэ хэрэгтэй зэрэгцэн ГЕГ-ын дарга газар, хэлтсийнхээ хэмжээнд дахин халаа, сэлгээ хийж эхэлсэн гэнэ.
Х.ЭРХЭМ